Онода Хиро
Хиро Онода (Япон: 小野田寛郎, 1922-2014) нь Японы эзэн хааны армийн дэслэгч цолтой офицер бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш бууж өгөлгүй 30 жил ширэнгэд нуугдан амьдарсан япон цэрэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Онода Хиро нь сэхээтэн гэр бүлд төрж өссөн ба хятад, англи хэлийг сайн эзэмшсэн. 1942 онд 20 насандаа явган цэрэгт татагдаж, түрүүч цол авсан бөгөөд бэлтгэл сургуулилтын баазад чадвараараа танигдаж хорлон сүйтгэх ангийн командлагчаар томилогдов. Түүнийг Филиппин рүү илгээж, Америкийн цэргийн шугамын ард хорлон сүйтгэх бүлгийг удирдах даалгавар өгчээ. Юу ч болж байсан хамаагүй хамгийн гол нь даалгавраа амжилттай биелүүлэх ёстой гэх үүргийг удирдагчаасаа авчээ.
Онодад бага дэслэгч цол олгож, Лубанг (Филиппин) арал руу илгээв. 1945 оны хоёрдугаар сарын сүүлээр залуу командлагч гурван цэргийн хамтаар ширэнгэн ойн гүн рүү орж, хорлон сүйтгэх ажиллагаандаа бэлтгэж эхэлсэн байна. 6 сарын дараа гэхэд Япон улс бууж өгснөөр дайн дууссан ч, мэдээллээс алсарч, нийгмээс тусгаарлагдсан цэргүүд энэ талаар юу ч мэдсэнгүй. Хэдийгээр америкчууд “дайн дууссан, гэртээ харьцгаа” гэх бичигтэй цаасыг онгоцоор цацсан ч, Хиро үүнд итгэсэнгүй. Дайснуудын далд явуулга хэмээн хардаж, буух тушаал ирэх хүртэл ажиллагаагаа үргэлжлүүлэх ёстойг цэргүүддээ анхааруулж байв. Бүхэл бүтэн 5 жил өнгөрөв. Хирогийн цэргүүдийн нэг нь тэвчээр алдаж, Филиппиний эрх баригчдад бууж өгснөөр япончууд анх удаа тэднийг амьд байгаа талаар мэдээлэл авчээ. Мэдээж гадаад улсад тусгай ажиллагаа, тагнуулаар явуулсан ганц бүлэг нь Хирогийн бүлэглэл биш бөгөөд япончууд дайны дараа тагнуулуудаа татахаар тусгай комисс хүртэл байгуулсан ч, Хиротой холбоо тогтоож огт чадаагүй байсан юм. Харин 5 жилийн дараа тэднийг амьд байгаа талаар мэдсэн тул эрэн хайх баг явуулсан ч, ширэнгэн ойгоос тэдний ул мөрийг олж чадсангүй.
1954 онд буюу Япон улс бууж өгснөөс хойш 9 жилийн дараа Онода Хирогийн бүлэглэл орон нутгийн цагдаа нартай зэвсэгт мөргөлдөөн хийж, нэг цэрэг амиа алджээ. Японы эрх баригчид мэдээ ирэх бүрд тэднийг хайж байсан ч, удаа дараа бүтэлгүйтсээр ахин 15 жил өнгөрөв.
1969 он, Дэлхийн хоёрдугаар дайны ул мөр замхарч, хүмүүсийн сэтгэл санаа уужирч, дайны он жилүүдийг бүгд мартацгаав. Онода Хирогийн бүлэглэлийг эрэн хайхаа зогсоож, эх орныхоо төлөө амиа алдсан хэмээн тэмдэглэн үлдээх нь тэр. Харин 1972 онд Онода болон түүний цэрэг Филиппиний цагдаа руу дайрч хорлон сүйтгэх гэж оролдсон боловч буудалцаанаар түүний сүүлчийн хамтрагч амь үрэгджээ. 50 настай Хиро ганцаараа үлдсэн ч, тэмцлээ зогсоосонгүй. Хүмүүсийн амаас ам дамжин Хирогийн түүх яригдана. Түүний түүхийг сонссон Японы адал явдалт зохиолч Сүзүки Норио эх орноосоо гарч Хирогийн эрэлд морджээ. Хамгийн сонирхолтой нь тэрээр мэргэжлийн эрэн хайх багийнхнаас илүү байж, битүү ширэнгээс Хирог олж чадсан юм. Зохиолч эр дайн дууссан, Япон улс хөгжлийнхөө замд орсон гэхчлэн ярих ч Хиро эх нутаг руугаа буцахыг хүссэнгүй. Тэр бол тушаал авсан цэрэг. Хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэх нь түүний амьд яваа шалтгаан гэх аж. Яаж ч ятгаад дийлээгүй тул зохиолч Сүзүки Японд буцаж очоод энэ талаар эрх баригчдад дуулгасан байна. Тэр даруй Эзэн хааны армийн хуучин хурандаа асан Танигүчи Ёшимиг олж, түүний хамтаар Лубанг арал дээр очиж, Хирод гэртээ харих тушаал өгчээ. Филиппин улсад өнгөрүүлсэн 30 жилийн хугацаанд Хиро олон ч хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан. 30 гаруй хүний аминд хүрч, 100 гаруй хүнийг хүнд хөнгөн бэртээсэн. Хоол хүнсийг нь хордуулах, хулгайлах, цагдаа нартай зэвсэгт мөргөлдөөн хийх гэхчлэн түүний үйлдсэн гэм нүглийг Филиппиний талаас уучлахад бэрх байсан ч хоёр улсын найрсаг харилцааг бодолцон үзэж, Хирог эх орондоо аюулгүй харих боломжийг олгосон байна. Түүнийг Японд буцаж ирэхэд хүн бүхэн баатар хэмээн хүндэтгэж байв. Японы Сайд нарын танхим Онода Хирод 1 сая иенийг шагнал болгон өгсөн ч тэрээр тус мөнгийг Японы төлөө амиа өгсөн дайчдын сүнсийг тахидаг Ясүкүни сүмд хандивласан гэдэг. Залуу халуун нас, амьдралынхаа хамгийн нандин үеийг эх орныхоо төлөө ширэнгэн ойд өнгөрүүлсэн Онода Хиро харамсаж гомдоллож байсангүй. Тэр тушаал авсан, үүнийгээ нэр төртэйгээр биелүүлсэн. Цэрэг хүн ийм л байх ёстой гэх үлгэр дуурайлал үзүүлж чадсан Хиро соёлт нийгэмд амьдрахад бэрх байсан, дасахад багагүй хугацаа шаардсан талаараа хожим дурдсан байдаг. Тэрээр эх орондоо ирсний дараа залуус, хүүхдүүдэд байгальд хэрхэн амьд гарах, тэмцэх талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд өөрийн 30 жилийн ширэнгэн ойн амьдралаас сурч мэдэж авсан зүйлсээ өвлүүлэн үлдээсэн юм. Хиро 2014 онд 92 насандаа таалал төгсжээ.