Ийд ал-Фит
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |

Ийд-ул-Фитрь, Ийд ал-Фитрь, Ид-ул-Фитрь буюу Ид ал-Фитрь хэмээх баярыг товчлон авч үзвэл Ийд гэдэг билээ. Энэхүү баяр нь Исламын шашны ариун сарын буюу Рамаданы төгсгөлд болдог (Рамаданы үеэр хүмүүс нар мандахаас эхлээд нар жаргатал мацаг барьдаг). Ийд хэмээх баяр нь ганцхан хоног үргэлжилдэг бөгөөд тэр өдөр мусульманчууд мацаг барих шаардлагагүй болдог. Ийд гэдэг үг нь арабаар баяр наадам гэсэн утгатай ба нөгөө талаас Фитрь нь мацаг тайлах гэсэн утгатай юм. Энэ баяр нь Рамаданы төгсгөлийг тэмдэглэдэг ба хүмүүс 29-30 хоногийн турш 1 сар мацаг барьдаг билээ. Ийд нь Шаввааль сарын эхний өдөрт байдаг ба тухайн өдөрт дэлхийд байгаа мусульманчууд бүгдээрээ нэгдэж нэг байхыг зорьдог.
Ийд ал-Фитрь-ын баяраар салаат буюу 2 рака-ах буюу 2 бадагтай Лалын шашны мөргөлийг том талбайд эсвэл том танхимд уншдаг байна. Уг мөргөлийг хүмүүс бөөнөөрөө цугларч (Жама-ат) үйлдэх ёстой ба мөргөл үйлдэх үед 6 удаа Такбирс хийнэ (Энэ нь гараа чихэндээ хүргэн Аллах Ахбар-Аллах Бурхан бол Агуу гэж байгаа үйлдлийг хэлнэ. Үүнийг нийтдээ 6 удаа хийнэ: эхний бадгийн өмнө 3 удаа хийж, дараагийн бадгийн өмнө 3 удаа хийнэ.)
Мусульманчууд өөрсдийгөө бурхны зарлигийг дагах ёстой гэж үздэг ба Куран сударт заасны дагуу Рамадан дуустал мацаг барьж, Ийдийн мөргөлөөр мацаг барихаа болино гэж үздэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ийдийн баярын үндсийг анх Мухаммед тавьсан гэдэг. Хуучин уламжлалын дагуу Мухаммед анх Меккагаас Мадина хот руу явах аян замдаа гарснаар уг баярын үндсийг тавьсан гэж үздэг. Анас мэдээлэхдээ: Мухаммед анх Мадина хотод ирэхэд хүмүүс 2 баярыг онцлон тэмдэглэдэг байжээ. Тэр хүмүүсээс чухам яах гэж энэ баяруудыг тэмдэглэж байгааг асуутал хүмүүс өөрсдийгөө амраах гэж мөн баясгах гэж эдгээр баяруудыг тэмдэглэдэг гэж хариулсан юм. Харин энэ үед Мухаммед хүмүүст “Агуу их хүчтэй бурхан та нарт 2 өөр төрлийн баяр наадам заяажээ” хэмээн өгүүлсэн ба та нар Ийд ал-Фитрь болон Ийд ал-адха гэсэн нэртэй 2 баяр наадмыг тэмдэглэх ёстой гэж хэлсэн байна. Мусульманчуудын хувьд энэхүү 2 баяр нь Аллах бурханд талархал илэрхийлж байгаагийн илэрхийлэл болон түүнийг хүндэтгэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн энэ үеэр тэд өөрсдийгөө баярлуулах ёстой.
Баярын үеийн ёс
[засварлах | кодоор засварлах]Ийд ал-Фитрь-ийн баярыг нэг, хоёр эсвэл гурван хоногийн турш тэмдэглэдэг. Тухайн баярын үеэр хүмүүс дараах байдлаар хоорондоо мэндэлдэг: Ийд Мубарак (Ийд баярын ивээл) эсвэл Ийд Саа’ид (Ийд баярын мэнд). Үүнээс гадна Лалын шашны орнууд өөр өөрийн гэсэн мэндчилгээтэй байдаг. Жишээлбэл Турк улсад хүмүүс голчлон Баяраминиз Күтлү Олсүүн гэдэг, энэ нь Таны баярыг ивээх болтугай гэсэн үг юм. Мөн баярын үеэр мусульманчууд бие биеэ уучилж, тухайн жилд гарч байсан хэрүүл маргаанаа мартан бие биенээ хүндэтгэхийг хичээж дараагийн жилдээ эвтэй байхыг зорьдог. Ерөнхийдөө бол баярын өдөр хүмүүс өглөө эрт сэрж (нар мандахаас өмнө), Салатул Фажирь буюу нар мандахын өмнөх мөргөлийг үйлдэж зөнч Мухаммедын уламжлалт ёсыг дагаж нүүр ам, шүдээ угааж, усанд орж, өөрийнхөө хамгийн сайхан өмсгөлийг өмсөж, биедээ сүрчиг түрхдэг байна. Баярын өдөр мацаг барихыг хориглодог. Уламжлалт ёсны дагуу хүмүүс өглөөний цайгаар амттан иддэг (голчлон нандин чавга), үүний дараагаар хүмүүс Ийд баярын чухал хэсэг болох мөргөл үйлдэх ёслолд явдаг (Салаат). Мөргөлийн ёслолыг үйлдэхийнхээ өмнөх үеэр хүмүүс заавал буяны үйлс хийх ёстой ба голчлон ядуу хүмүүст мөнгө төгрөг хандивладаг. Баярын өдрөөр:
- Аз жаргал баяр баясгалантай байх хэрэгтэй.
- Сайн үйлс хйих ёстой.
- Фажирь мөргөлийг үйлдэх хэрэгтэй.
- Өглөө эрт сэрэх ёстой.
- Мечетэд мөргөл үйлдэх гэж ирсэн цагаасаа хойш мусульманчууд зөвхөн мөргөл л үйлддэг. Үүнээс өөр зүйлийн талаар эсвэл өөр юмны талаар ярьж болохгүй. Мечетээс гарсны дараа болно.
- Бусад мусульманчуудтай Ийд Мубараак хэмээн мэндлэх ёстой.
- Мөргөл үйлдэж байх үедээ дараах тарниудыг уншина: Аллах Акбар, Аллах Акбар, Аллах Акбар. Ла илааха ил’ла, Л-ла вал-лааху акбар, Аллах Акбар валил-лахи л-хамаад. Ийд болох газар ирсэн тохиолдолд тарни уншихыг болино, эсвэл Имаам буюу Лам үйл ажиллагаа эхлүүлэх цагт.
- Мөргөл үйлдэх газар луу ирж буцахдаа өөр өөр замаар явах хэрэгтэй.
Ийдийн мөргөлийн үеэр хүмүүс голчлон том талбайд, том нийгмийн төвүүд эсвэл мечетүүдэд мөргөл үйлддэг. Лам нар Аллах бурхны сургаалуудаас уншиж, бурхнаас өршөөл гуйж, энх тайвныг хүсэж, мөн энэ дэлхийн бүх амьтдыг ивээхийг хүсдэг. Үүнээс гадна лам нар хүмүүст Ийд баярын ёслолын ажиллагааны талаар танилцуулдаг, жишээлбэл закаатын талаар. Сургаал хайрлаж байгаа үед хүмүүс хоорондоо, танхимаас гарч эсвэл өөр нэгэн мөргөл үйлдэхийг хатуу хориглодог. Ёслолын ажиллагаа дууссанаар мусульманчууд гэр бүл болон найз нөхөдтэйгөө уулзаж, гэртээ эсвэл албан байгууллагууд түрээслэн баярын үйл ажиллагаа зохион байгуулдаг юм. Ийд баярын үеэр өөрийн хүүхдүүд болон хамаатныхаа хүүхдүүдэд Ийди буюу бэлэг тараадаг.
Лалын шашны уламжлалт ёс
[засварлах | кодоор засварлах]Ийд ал-Фитрийн баяр нь Рамаданы төгсгөлийг тэмдэглэдэг. Энэхүү баяр нь мусульманчуудад тэдний гол үнэт зүйлийг тодорхойлж өгдөг. Жишээлбэл: ядуусын зовлонгийн талаар ойлгуулж, хүн чанар, итгэл найдвар, тэвчээр болон тууштай байхын талаар сургаал хайрладаг. Зарим судлаачид хүмүүс мацаг барьснаар амьдралын дараах ертөнцийн талаар ойлголт авч биет болон биет бус үзэгдлийн талаар ойлголт авдаг гэж үздэг. Мусульлманчууд энэ баярыг тэмдэглэснээр дэлхийд оршдог бузар муу муухай зүйлсээс ангижрахад тус үзүүлдэг ба бурханд талархалаа илэрхийлж түүний ивээл сайн сайхны төлөө талархлаа илэрхийлж байна хэмээн үздэг.