Jump to content

Орлеан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орлеан (франц. Orléans: [ɔʁ.le.ɑ̃]) - Францын Луаре департамент болон Төвийн бүсийн нийслэл бөгөөд түүхэн Орлеаны бүс нутгийн нийслэл хот болон комунна юм. Парис хотос баруун өмнө зүгт 130 км зайд орших Луар марний эрэг дээр байрладаг. Хотын хүн ам: 113,224 (2009).

Орлеан хот байгаа газарт анх Галлчуудын Карнути овгийнхны гол хот Ценабум (латин. Cenabum) хэмээх хот үүсгэн байгуулагдсан байна. МЭӨ 52 онд Цезарь үүнийг сүйтгэж, 275 онд эзэн хаан Аурелиан дахин сэргээн барьсан бөгөөд түүний нэрээр 5-р зуунаас Аурелианум (латин. Aurelianum, бүрэн эхээр: Civitas Aurelianensis, Aureliana civitas "Аурелийн хот") гэж нэрлэгдэх болжээ. Түүнээс хойш сүүлийн 1700 жилийн хугацаанд хотын нэр өөрчлөгдөөгүй хэвээр байна. Харин дуудлага, бичилт нь хожим Франц хэлний дүрмийн дагуу өөрчлөгдсөн ажээ.

451 онд Хүннийн удирдагч Аттила хаан хотыг эзлэн авч дээрэмдэхийг оролдсон боловч эцсийн мөчид Визиготын хаан I Теодорик, Ромын жанжин Аетиус болон бусад цэргүүдтэй хамтарсан удирдлага дор зогсоож чаджээ.

10, 11-р зуунд Орлеан хот нь Парисын дараа хааны нутаг дэвсгэрт хоёр дахь хамгийн чухал хот байв. 10-р зуунд энэ нь чухал цайз болжээ. 1306 онд тус хотод Их сургууль байгуулагдсан.

1428–1429 онд Орлеаныг бүсэлсэн нь Зуун жилийн дайны хамгийн чухал үйл явдлуудын нэг байв. Бүтэн 7 сарын бүслэлтийн дараа хотыг 5-р сарын 8-нд Жанна д'Аркийн удирдсан цэргүүд чөлөөлж, үүний дараа түүнийг "Орлеаны бүсгүй" гэж нэрлэх болжээ.

16-р зууны шашны дайны үеэр Орлеан нь Калвинизмын төвүүдийн нэг байсан боловч 1572 онд Гэгээн Бартоломейн шөнийн аллагын үйл явдлуудын дараа тус хотод ойролцоогоор 1000 гугенот алагдсаны дараа Католик шашны нөлөө нэмэгдсэн. 1560 онд тус хотод 76 жилийн дараа анх удаа Мужуудын Ерөнхий зөвлөл хуралджээ.

1870-1871 оны Франц-Пруссийн дайны үеэр Орлеан хотыг Пруссийн арми бүслэж аваад хоёр удаа эзэлж байжээ.

Дэлхийн 2-р дайны үеэр тус хот 1940 онд эзлэгдээд 1944 онд чөлөөлөгдөх хүртэл нацистуудын мэдэлд байв. Дайны үеэр 1944 оны 5-р сард АНУ-ын Агаарын цэргийн хүчний бөмбөгдөлтөөс болж хот ихээхэн хохирол амсаж, олон уран баримлын дурсгал сүйджээ.

Орлеан бол Францын томоохон аж үйлдвэрийн төв юм. Тус хотын үйлдвэрлэлд механик инженерчлэл (автомашин, тракторын эд анги, цахилгаан мотор, хөдөө аж ахуйн машин механизмын үйлдвэрлэл), эм үйлдвэрлэл, хүнсний боловсруулалт (гурил тээрэмдэх, лаазлах, цуу үйлдвэрлэх), хувцас үйлдвэрлэл багтдаг. Дампьер болон Сен-Лоран гэсэн хоёр цөмийн цахилгаан станц нь хотоос 50 км-ийн зайд байрладаг юм.