Оросын Тээврийн их сургууль

Оросын Тээврийн их сургууль (орос. Российский университет транспорта. товч РУТ, МИИТ, англи. Federal state autonomous educational institution of higher education "Russian University of transport") —ОХУ-ын холбооны хэмжээний улсын бие даасан дээд боловсролын байгууллага юм.
Тус их сургууль нь тээврийн болон бусад чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг байна.
Их сургуульд 8 академи, 6 дээд сургууль, 5 коллеж, гимнази, цэргийн сургалтын төв, Москвагийн тээврийн хүүхдийн технологийн парк багтдаг. Тус их сургууль нь дээд болон дунд мэргэжлийн боловсролын 280 хөтөлбөр, мөн 500 гаруй мэргэжлийн нэмэлт боловсролын хөтөлбөрүүдийг санал болгодог.
2025 оны байдлаар тус сургуульд 145 Монгол оюутнууд суралцаж байгаа ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Тус их сургууль 1896 онд "Зам харилцаа холбооны Газрын Эзэн Хааны Москвагийн Инженерийн Сургууль" (орос. Императорское московское инженерное училище ведомства путей сообщения) нэртэй байгуулагдаж нээлтийн ёслолын ажиллагаагаа 1896 оны 9-р сард хийсэн түүхтэй.
1901 онд 3 жилийн онолын хичээл, 2 жилийн дадлагын дараа анхны барилгын инженерүүд төгсөлтөө хийсэн байна.
1913 онд тус сургууль Москвагийн Зам Харилцаа Инженерүүдийн дээд сургууль (орос. Московский институт инженеров путей сообщения) болоод 1914 онд Эзэн Хаан II Николайгийн нэрэмжит Москвагийн Зам харилцааны Инженерүүдийн дээд сургууль (орос. Московский институт инженеров путей сообщения императора Николая II) хэмээн нэрээ өөрчилсөн байна.
1917 оны Октябрын хувьсгалын дараа тус сургуулийг Төмөр замын Ардын комиссариатын харьяанд, 1918 онд Боловсролын Ардын Комиссариатын харьяанд шилжүүлжээ.
1924 онд Москвагийн Зам харилцааны инженерүүдийн дээд сургуулийг ЗХУ-ын Төмөр замын Ардын комиссариатын дэргэдэх Техникийн дээд курсуудтай нэгтгэж, Москвагийн Тээврийн инженерүүдийн дээд сургууль (орос. Московский институт инженеров транспорта) болгон өөрчилсөн байна.
1933 онд Москвагийн Төмөр замын инженерүүдийн ашиглалтын дээд сургууль (орос. Московский эксплуатационный институт инженеров железнодорожного транспорта), Төмөр замын Ардын комиссариатын дэргэдэх Тээвэр, эдийн засгийн дээд сургуулийг (орос. Транспортно-экономический институт) хоёрын нэгтгэж Москвагийн Төмөр замын инженерүүдийн дээд сургууль (орос. Московский институт инженеров железнодорожного транспорта) болгон өөрчилжээ.
Орчин үе
[засварлах | кодоор засварлах]1993 онд тус хүрээлэн нь их сургуулийн статустай болж, "МИИТ" гэсэн товчлолыг хэвээр үлдээж, Москвагийн улсын Зам харилцааны их сургууль (орос. Московский государственный университет путей сообщения) гэж нэрлэсэн байна.
1998 онд Оросын Төмөр замын инженерийн академи тус их сургуулийн нэг бүрэлдэхүүн хэсэг болсон.
2000 онд тус сургуулийн бүрэлдэхүүнд Удирдлага, мэдээллийн технологийн дээд сургууль, 2002 онд Хүмүүнлэгийн ухааны дээд сургууль байгуулагдсан.
2003 онд Москвагийн Төмөр замын инженерийн их сургууль нь ОХУ-ын Зам тээврийн яамны 1-р гимназийг нэгтгэсэн бөгөөд 2004 онд Москвагийн Төмөр замын тээврийн эмнэлгийн коллежийг тус их сургуульд мөн нэмж оруулсан.
2006 онд ОХУ-ын Төмөр замын яамны хэлтсийн аюулгүй байдлын удирдлагын мэргэжил дээшлүүлэх сургууль, 6 коллеж, 9 техникийн сургууль тус их сургуульд нэгдсэн байна.
2017 онд тус их сургуулийн нэрийг Оросын Тээврийн их сургууль (орос. Российский университет транспорта (МИИТ) гэж өөрчилсөн байна.
2025 оны байдлаар тус их сургуульд дээд боловсролоор 29 мянга болон мэргэжлийн боловсролоор 6 мянган оюутан суралцаж байгаа ажээ. Тус сургууль 1 923 багштай бөгөөд үүнээс 214 Шинжлэх ухааны доктор, 788 доктор, 134 профессор, 544 доцент багш нар ажиллаж байна.
Оросын Тээврийн Их Сургууль нь Оросын төмөр зам (орос. РЖД) компани болон тээврийн салбарын бусад тэргүүлэх аж ахуйн нэгжүүдийн зорилтот сургалтын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэж ирсэн хамгийн том түнш юм.
Гадаадын 70 орны 2000 оюутан тус сургуульд суралцдаг байна.
Их сургуулийн үе үеийн удирдлага
[засварлах | кодоор засварлах]- 1896—1905 — Максименко Филипп Емельянович (1852—1935)
- 1905—1908 — Эйхенвальд Александр Александрович (1864—1944)
- 1908—1913 — Тяпкин Николай Дмитриевич (1869—1929)
1913 оннос:
- 1913—1918 — Тяпкин Николай Дмитриевич (1869—1929)
- 1919—1920 — Митюшин Николай Трофимович (1877—1950)
- 1920—1924 — Гибшман Евгений Александрович (1872—1934)
- 1924—1927 — Халатов Артемий Багратович (1896—1938)
- 1927—1928 — Полюдов Евгений Венедиктович (1887—1937)
- 1928—1930 — Чёрный Виктор Николаевич (1891—1937)
- 1930—1936 — Лизарев Фёдор Семёнович (1882—1937)
- 1936—1939 — Медков Ефим Иванович (1898—1969)
- 1939—1951 — Парфёнов, Дионисий Фёдорович (1900—1990)
- 1951—1954 — Герасимов, Александр Степанович (1908—1956)
- 1954—1955 — Курочкин Василий Васильевич (1900—1955)
- 1955—1980 — Кочнев Фёдор Петрович (1906—1997)
- 1980—1985 — Белов Иван Васильевич (1923—1994)
- 1985—1997 — Иноземцев Владимир Григорьевич (1931—2003)
- 1997—2018 — Лёвин Борис Алексеевич (1949—2023)
- 2018 оны 11-р сараас —Александр Алексеевич Климов (1961 онд төрсөн)
Албан ёсны цахим хуудас: https://www.miit.ru/