Jump to content

Оросын газар зүйн нийгэмлэг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оросын газарзүйн нийгэмлэг -Бүх оросын олон нийтийн байгууллага (Ру́сское географи́ческое о́бщество» (оросоор товч ВОО «РГО») 1845 оны 8-р сарын 18-нд Оросын Эзэн хааны зарилгаар үүсгэн байгуулсан. Парисын (1821), Берлины (1828) болон Лондонгийн (1830) дараа байгуулагдсан ууган газарзүйн нийгэмлэгүүдийн нэг юм.

Оросын газарзүйн нийгэмлэгийн гол үүрэг бол газарзүйн баталгаат мэдээллийг цуглуулж түгээх юм. Оросын газар зүйн нийгэмлэгийн экспедицүүд Сибирь, Алс Дорнод, Төв Ази, Дэлхийн далай судлалыг болон навигацийг хөгжүүлэх, шинэ газар нутгийг нээх, судлах, цаг уур, уур амьсгалын мэдээлэл бий болгоход чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. 1956 оноос хойш Олон улсын газар зүйн холбооны гишүүн болсон.

Албан ёсны нэрс

[засварлах | кодоор засварлах]

Үүсэн бий болсноос хойш нийгэмлэгийн нэр нэг бус удаа солигдож байжээ. Үүнд:

  • 1845—1850 — Оросын газар зүйн нийгэмлэг- (орос.-Русское географическое общество (РГО)
  • 1850—1917 — Эзэн хааны Оросын газар зүйн нийгэмлэг (орос.- Императорское Русское географическое общество (ИРГО)
  • 1917—1925 — Оросын газар зүйн нийгэмлэг (орос.- Русское географическое общество (РГО)
  • 1925—1939 — Улсын газар зүйн нийгэмлэг (орос. -Государственное географическое общество (ГГО)
  • 1940—1992 — ЗХУ-ын Газар зүйн нийгэмлэг (орос. - Географическое общество СССР или Всесоюзное географическое общество (ВГО)
  • 1992—1995 — Оросын газар зүйн нийгэмлэг (орос. -Русское географическое общество (РГО)
  • 1995 — өнөөг хүртэл —"Оросын газар зүйн нийгэмлэг"- Бүх оросын олон нийтийн байгууллага (орос. -Всероссийская общественная организация «Русское географическое общество» (ВОО «РГО»)

1845 оны 8-р сарын 18-нд Оросын Эзэнт гүрний Дотоод хэргийн сайд гүн Лев Перовский-гийн танилцуулснаар Оросын Эзэн хаан I Николай шийдвэр гаргаж Оросын газар зүйн нийгэмлэг (хожим нь 1849 оны 12-р сарын 28-аас эхлэн Оросын эзэн хааны Оросын газар зүйн нийгэмлэг) анх байгуулагдсан байна.

Оросын Шинжлэх ухааны академийн ирээдүйн ерөнхийлөгч, адмирал Фёдор Литке анх тус нийгэмлэгийг байгуулах санаа гаргасан ажээ. Тэрээр Оросын газар зүйн нийгэмлэгийн ирээдүйн анхны дарга, их гүн Константин Николаевичын багш сурган хүмүүжүүлэгч байсан. 1845 оны 10-р сарын 19 -нд Эзэн хааны Шинжлэх Ухаан, Урлагийн Академийн хурлын танхимд Оросын Газар Зүйн Нийгэмлэгийн жинхэнэ бүх гишүүдийн анхны хурал болж, Нийгэмлэгийн Зөвлөлийг сонгож байжээ.

Алдарт далайн аялагч, адмиралууд болох Фёдор Литке, Иван Крузенштерн, Фердинанд Врангель, Пётр Рикорд бөгөөд Петербургийн Академийн Карл фон Бэр, одон орон судлаач Василий Струве, геолог Григорий Гельмерсен, статистикч Пётр Кёппен, цэргийн нэрт зүтгэлтэн Жанжин штабын офицерүүд болох генерал-фельдмаршал Фёдор фон Берг, хошүүч генерал Михаил Вронченко, генерал Михаил Муравьёв-Виленский нар Оросын газар зүйн нийгэмлэгийг үүсгэн байгуулсан байна.

Мөн газар зүйч болон статистикч Константин Арсеньев, Дотоод яамны Хөдөө аж ахуйн газрын захирал Алексей Левшин, аялагч Платон Чихачёв, хэл судлаач, угсаатны зүйч, Дотоод хэргийн сайдын тусгай үүрэг гүйцэтгэгч Владимир Даль, оренбургийн генерал захирагч Василий Перовский бөгөөд зохиолч ивээн тэтгэгч, гүн Владимир Одоевский нар мөн тус Нийгэмлэгийн суурийг тавилцсан байна.

Анх Оросын Газар зүйн Нийгэмлэгийг Дотоод хэргийн яамны харьяанд газар зүйн болон статистикийн чиглэлийн нийгэмлэг гэж үздэг байсан боловч хэдэн жилийн дараа Эзэн хааны тушаалаар Газар зүйн нэртэй болсон ажээ. Нийгэмлэгийн анхны санхүүжилт нь улсынх байсан бөгөөд жилд 10 мянган рублийн төсөвтэй байсан бөгөөд дараа нь Оросын Газар зүйн Нийгэмлэгийн аж ахуйн нэгжүүдийг санхүүжүүлэхэд олон ивээн тэтгэгчид сайн дураараа ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Нийгэмлэг байгуулагдсан цагаасаа Оросын Европын хэсэг, Уралын нуруу, Сибирь, Алс Дорнод, Төв болон Дундад Ази, Кавказ, Иран, Энэтхэг, Шинэ Гвиней, умард туйл зэрэг бусад газар нутгийг судлахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Эдгээр судалгааг хийхэд алдарт аялагч Николай Северцов, Иван Мушкетов, Пётр Кропоткин, Иван Черский, Николай Пржевальский, Григорий Потанин, М.В.Певцов, Григорий болон Михаил Грумм-Гржимайло, Пётр Семёнов-Тян-Шанский, Владимир Обручев, Пётр Козлов, Николай Миклухо-Маклай, А.И.Воейков, Ю.М.Шокальский, Фёдор фон Берг, Чокан Валиханов болон бусад олон эрдэмтэн судлаачид чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Алдарт далай зураач Иван Айвазовский болон тулаан зураач В.В.Верещагин нар хүртэл тус нийгэмлэгийн гишүүн байсан гэж бодохоор их өргөн цар хүрээтэй байжээ.

Оросын том газар нутгийг хамрах үүднээс Нийгэмлэг үйл ажиллагаагаа дэд хэсгүүдэд хуваасан байна. 1851 онд анхны хоёр бүсийн салбар нээгдэв - Кавказ дахь Тифлис хотод, Эрхүү хотод Сибирийн чиглэл, сүүлд Оренбург, Вильно Баруун хэсэг, Киевт Баруун-урд, Омскт- Баруун Сибирь, Хабаровскт Амур орчим хэсэг, Ташкентад Туркестаны салбарууд тус тус байгуулагдсан ажээ. Тэд өөрсдийн бүс нутгуудад өргөн хэмжээний судалгаа хийсэн.

1917 он гэхэд Нийгэмлэг мянга орчим гишүүнтэй байсан бол Хувьсгалын дараа энэ тоо эрс буурсан байна. Зөвлөлтийн "Агуу Эх орны 1941-1945 оны Дайн"-ы дараах үеэс хурдацтай өргөжиж эхэлсэн. 1940 онд Нийгэмлэг 745 хүнээс бүрдэж байсан бол 1987 онд гишүүдийн тоо 30 мянга гаруй болж, бараг 40 дахин нэмэгджээ. Тухайн үеийн Бүх Холбооны Газар зүйн Нийгэмлэг нь ЗСБНХУ-ын Шинжлэх ухааны академийн доторх эрдэм шинжилгээний нийгэмлэгийн хамгийн олон хүнтэй байгууллага байв. 1990- 2000-аад онуудад Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүдийн тоо 9 мянга болж буурсан бол 2009 онд Нийгэмлэг өөрчлөн байгуулагдсаны дараа Нийгэмлэгийн гишүүдийн тоо дахин өсч эхэлээд 2020 оны 8-р сар гэхэд 23,740 гишүүнтэй болж өссөн байна.

Байгуулагдсанаас хойш Оросын Газар зүйн Нийгэмлэгийг санхүүжүүлэхэд олон ивээн тэтгэгчид сайн дураараа ихээхэн хувь нэмэр оруулсан ирсэн байдаг.

Өнөөгийн байдлаар Россотрудничество нь Оросын Газар зүйн Нийгэмлэгийн явуулж буй үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж байна. Харилцан ашигтай хамтын ажиллагааны ачаар дэлхийн өнцөг булан бүрт томоохон хэмжээний арга хэмжээ зохион байгуулах боломжтой болж байга ажээ.

2009 оноос Оросын Ерөнхийлөгч В.Путин ивээн тэтгэгчдийн Зөвлөлийг тэргүүлж байгаа ажээ.

Нийгэмлэгийн үе үеийн дарга, Ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
  1. 1845 — Их гүн Константин Николаевич, дарга
  2. 1892 — Их гүн Николай Михайлович, дарга
  3. 1917 — далай судлаач Шокальский, Юлий Михайлович, дарга
  4. 1931 — ЗХУ-ын ШУА-ийн академич Вавилов, Николай Иванович, Ерөнхийлөгч
  5. 1940 — ЗХУ-ын ШУА-ийн гишүүн Берг, Лев Семёнович, Ерөнхийлөгч
  6. 1952 — ЗХУ-ын ШУА-ийн академич Павловский, Евгений Никанорович, Ерөнхийлөгч
  7. 1964 — ЗХУ-ын ШУА-ийн гишүүн Калесник, Станислав Викентьевич, Ерөнхийлөгч
  8. 1977 — ЗХУ-ын ШУА-ийн гишүүн Трёшников, Алексей Фёдорович, Ерөнхийлөгч
  9. 1992 — профессор Лавров, Сергей Борисович, Ерөнхийлөгч
  10. 2000 — профессор Селивёрстов, Юрий Петрович, Ерөнхийлөгч
  11. 2002 — далай судлаач Комарицын, Анатолий Александрович, Ерөнхийлөгч
  12. 2009 — ОХУ-ын Батлан хамгаалхын сайд асан Сергей Шойгу, Ерөнхийлөгч.

Нийгэмлэгийн Номын сан

[засварлах | кодоор засварлах]

1845 онд Оросын газар зүйн нийгэмлэг үүсэн байгуулагдахад нэгэн зэрэг нийгэмлэгийн номын санг байгуулав. Номын цуглуулга нь Нийгмийн гишүүдийн хандивласан болон зохиогчдын биечлэн илгээсэн номуудаар бүрдэж эхэлсэн. Номын санг ном худалдан авах, орос, гадаадын шинжлэх ухааны байгууллагуудтай хэвлэл солилцох зэргээр бүрдүүлж байжээ. Ийм номын сан байгуулж ажиллуулах нь Оросын хувьд соёлын өндөр ач холбогдолтой байсан юм. Үүнийг ойлгож байгуулагдсанаас хойш 4 жилийн дараа Нийгэмлэгийн удирдлага номын санг гол ажил болгохыг Петр Семеновт (дараа нь Оросын хамгийн алдартай газар зүйч, төрийн зүтгэлтэн Пётр Семёнов-Тян-Шанский) даалгасан. Оросын газарзүйн нийгэмлэгийн номын сангийн цуглуулгад (490,000 хувь) газар зүйн шинжлэх ухаан, түүнтэй холбоотой бүхий л салбарыг хамарсан физик газар зүйгээс анагаах, урлагийн газар зүйн талаарх нийтлэлүүд багтсан болно. Гадаадын хэвлэлүүд номын сангийн нэлээд хэсгийг эзэлдэг бөгөөд энэ нь номын сангийн шинжлэх ухааны шинж чанарыг тодотгож өгдөг байна.

Эрдэм шинжилгээний архив

[засварлах | кодоор засварлах]

Нийгэмлэг байгуулагдахтай зэрэгцэн 1845 онд Эрдэм шинжилгээний архив байгуулагдаж эхэлсэн байна. Энэ нь тус улсын хамгийн эртний, цорын ганц тусгай газар зүйн архив юм. Архивт орсон анхны гар бичмэлүүд нь хувийн хандив юм. Үүний дараа архивыг Оросын газар зүйн нийгэмлэгийн гишүүдийн хувийн хөрөнгөөр ​​системтэйгээр шинэчлэн нөхөж эхлүүлсэн байна. Нийгэмлэгийн гишүүд, газар зүйд дуртай хүмүүсээс хөдөө орон нутгийн сэхээтэн олон: багш, эмч, лам хуврагуудаас 1848 онд хэвлэгдсэн нийгэмлэгийн угсаатны зүйн хөтөлбөрийн хариуд олон гар бичмэлийг хүлээн авч, долоон мянган хувь хэвлүүлж, бүгдэд нь илгээжээ. Хөтөлбөрт гадаад төрх, хэл яриа, ахуйн амьдрал, нийгмийн амьдралын онцлог, оюун санаа, ёс суртахууны чадвар, боловсрол, ардын домог, хөшөө дурсгал зэрэг зургаан хэсгийг багтаасан. Угсаатны зүйн газраас боловсруулсан олон тооны хөтөлбөрүүдээс архивын гар бичмэлүүдийг нөхөхөд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн зарим хөтөлбөрийг дурдах хэрэгтэй: "Оросын өмнөд нутгийн ардын мухар сүсэг, итгэл үнэмшлийн талаар мэдээлэл цуглуулах хөтөлбөр" (1866), "Ардын эрх зүйн ёс заншлыг цуглуулах хөтөлбөр" (1877), "Их Оросууд болон Зүүн Оросын гадаадын иргэдийн хуримын ёслолын талаархи мэдээлэл цуглуулах хөтөлбөр" (1858). Гар бичмэлийг мужуудад тараадаг байна. Кавказ, Төв Азийн Орос, Сибирь, Балтийн бүс, Беларусь, Польш, Финландын цуглуулгуудыг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Славчууд (зүүн, баруун, өмнөд), Төв Азийн Орос, Сибирь, Европын Орос үндэстнүүдийн гар бичмэлүүдийг онцолох хэрэгтэй. Гадаад улсуудтай холбоотой материалыг дэлхийн хэсгүүдээр ангилдаг: Европ, Ази, Африк, Америк, Австрали, Далайн орнууд. Архивт нийтдээ 115 угсаатны зүйн цуглуулга байдаг бөгөөд энэ нь 13000 гаруй тусдаа зүйл юм.

Архивт мөн гэрэл зургийн 3000 зүйл анги баримт хадаглаж байдаг байна. Архивын эрхлэгчээр Е.И.Глейбера, Б.А.Вальская, Т.П.Матвеева болон 1995 оноос хойш Мария Фёдоровна Матвеева нар ажиллаж байна.

Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудас: https://www.rgo.ru/ru