Jump to content

Оросын суртал ухуулга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Оросын Ерөнхийлөгчийн Тамгын газрын байр

Оросын суртал ухуулга (орос. Российская пропаганда) мөн Кремлийн сурталд ухуулга, Путины суртал ухуулга гэж, Оросын өнөөгийн байгаа дэглэмийг хадгалахын тулд тухайн улсад тодорхой үзэл суртлыг нэвтрүүлэх төрийн тогтолцооны нэг хэсгийг хэлдэг. 21-р зууны Оросын төрийн суртал ухуулгын гол сэдвүүдийн нэг бол Ерөнхийлөгч Владимир Путинийг хүчирхэг удирдагч, ард түмнээр хүрээлүүлсэн "сонгогдсон" хүн гэж харуулах явдал юм. Эсэргүүцлийн хандлага нэмэгдэж, эдийн засгийн байдал муудаж байгаа хэдий ч дэглэмийн өргөн хүрээний үйл ажиллагаа нь эдгээр дүр төрхийг олон нийтийн санаа бодолд суулгах боломжийг олгодог байна. Үүний тулд Орос улс холбооны телевизийн сувгууд болон томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийг хянадаг юм. 2014 оны байдлаар төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын хүн амын 60-70%-ийн мэдээллийн үндсэн эх сурвалж байж ирсэн. 2022 онд Орос Украинд түрэмгийлэх үеэр бие даасан хэвлэл мэдээллийн хэрэгслийг олноор нь татан буулгасны дараа Орос улс цэргийн цензурыг хэрэгжүүлж, дайны эсрэг болон Путиний эсрэг байр суурийг түгээх оролдлогыг хатуу дарж ирсэн.

Оросын суртал ухуулгын гол сэдвүүдийн нэг бол Өрнөдийн орнууд болон НАТО-г дайсан, түрэмгийлэгч гэж харуулах явдал юм. Төрийн мэдлийн болон засгийн газрыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Орос-Украины мөргөлдөөнд энх тайвныг тогтоогч, Евромайданыг ялсны дараа байгуулагдсан неонацист дэглэмээс зүүн Украины оршин суугчдыг чөлөөлсөн Оросын үүргийг тогтмол онцолж байна. 2021 оны байдлаар төрийн телевизийн сувгууд нь Оросын суртал ухуулгын гол хэрэгсэл, Оросын нийт хүн амын 60 гаруй хувь, ялангуяа ахмад настан, хөдөө орон нутгийн оршин суугчдын төлөөлөлд хүрэх мэдээллийн гол эх сурвалж хэвээр байна.

2022 онд Оросын суртал ухуулга Украиныг неонацист улс гэж харуулахыг оролдож ирсэн бөгөөд тус улсад неонацист болон фашистууд өргөн тархсан гэсэн мэдэгдлийг цацаж ирсэн юм.

ЗСБНХУ задран унаснаар 1990-ээд онд эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбогдуулан төрийн суртал ухуулга Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээс алга болсон. Харин Ерөнхийлөгч Борис Ельцин дурсамж номдоо 1991, 1996 оны сонгуулийн үеэр суртал ухуулгын кампанит ажил эрчимжсэн талаар дурдсан байдаг.

1999-2000 онд Владимир Путин засгийн эрхэнд гарснаар төрийн байгууллагууд телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хяналт тавьж эхэлсэн. Бие даасан телевизийн сувгуудыг удирдаж байсан олигархуудыг шахан зайлуулах, бизнесийг нь төрийн өмчид шилжүүлэх, цензур тогтоох нь шинэ засаг захиргааны анхны зорилтуудын нэг байв. Тухайлбал, 2001 онд "НТВ" сувгийг булаан авч, 2002, 2003 онд ТВ-6, ТВС зэрэг сувгийг татан буулгасан юм. 10 жилийн дотор ихэнх станцууд Оросын эрх баригчдын шууд болон шууд бус хяналтад орсон. Эрх баригчдын гол зорилт нь олон үзэгчидтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл болсон бөгөөд одоогийн засгийн газрын ашиг сонирхолд нийцүүлэн өргөн нэвтрүүлгийн системийг хурдан өөрчлөх боломжтой болсон байна.

2014 онд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Оросын хүн амын 60-70%-д хүрчээ. Үүнд ТАСС агентлаг болон "Комсомольская правда", "Аргументы и факты", "Известия" зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд багтжээ. Тэд олон жилийн турш одоогийн Засгийн газарт онцгой үнэнч байж, үйл ажиллагааг нь нааштай буюу эерэгээр харуулж ирсэн. Бүс нутгийн хэвлэлүүд нь ихэвчлэн төсвийн хуваарилалтаас хамаардаг учраас эрх баригчдыг дэмжсэн байр сууриас ханддаг. Оросын суртал ухуулга нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэрэглээний тодорхой бүтцийг идэвхтэй ашигладаг: нэг талаас 2021 оны судалгаагаар телевиз нь Оросын иргэдийн 62%-д мэдээллийн чухал гол эх сурвалж хэвээр байгаа юм. Гэсэн хэдий ч телевизээс гадна Оросын суртал ухуулга нь "Одноклассники", "ВКонтакте", "Telegram" сувгууд, видео байршуулах сайтууд, тэр ч байтугай "TikTok" зэрэг платформууд зэрэг олон нийтийн мэдээллийн сүлжээтэй байдаг. Эдгээр платформууд ижил төрлийн мэдээллийг түгээх нь суртал ухуулгын итгэл үнэмшил, найдвартай байдлыг нэмэгдүүлдэг байна.

В.Путиний сунжирсан удаан засаглал, босоо эрх мэдлийн бүтэц нь зарим талаар суртал ухуулгын үр дүнд боломжтой байгаа гэж хэлж болно. Засгийн газрыг дэмжигч сэтгүүлчид болон телевизийн хөтлөгчид "бүрэн эрхт ардчилал" гэх мэт ойлголтуудыг ашиглан авторитаризм тогтоогүй гэж дэглэмийг хамгаалдаг юм.

Холбооны сувгуудаар засгийн газрыг дэмжигч хамгийн алдартай хүмүүс бол Владимир Соловьев, Дмитрий Киселев, Сергей Марков, Ольга Скабеева, Евгений Попов, Вячеслав Никонов, Максим Кононенко, Максим Шевченко, Сергей Минаев, Артём Шейнин нар байгаа юм.

Хилийн чанад дахь Оросын суртал ухуулга

[засварлах | кодоор засварлах]

2005 оноос хойш "Russia Today", дараа нь "RT" нэртэй болсон агентлаг гадаад дахь суртал ухуулгын гол эх сурвалжуудын нэг болжээ. 24 цагийн дэлхийн мэдээллийн суваг нь эхний ээлжинд 30 сая долларын санхүүжилт авч, АНУ, Европ, Азийн зарим орнууд, хуучин ЗХУ-ын Бүгд найрамдах улсуудад үйл ажиллагаагаа голчлон чиглүүлжээ. Хэвлэлийн ерөнхий захирлаар томилогдсон 25 настай Маргарита Симонян тус телевиз "Англо-Саксоны ноёрхол"-ын эсрэг тэмцэж байна гэж мэдэгджээ.