Орос-Монголын цэргийн сургууль
Орос-Монголын цэргийн сургууль (орос. Ру́сско-монго́льская войскова́я шко́ла) — Троицкославск болон Селенгинскд 1833-1888 онуудад үйл ажиллагаа явуулж байсан Оросын хаант улсын боловсролын байгууллага.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Орос-Монголын цэргийн сургуулийг байгуулах дээд газрын тушаал 1832 оны 6-р сарын 18-нд гарчээ. Энэ тушаалд "Троицкосавск хотод 24 хөвгүүнд зориулсан цэргийн сургууль байгуулж, Эрхүү мужийн Хятадын хилийн дагуу хилийн харуулыг бүрдүүлдэг Буриадын дөрвөн хорооны (600) казак, ахлагчдын хүүхдүүдэд орос, монгол бичиг үсэг заах, мөн монгол хилийн ахлагчдын хүүхдүүдэд энэ сургуульд суралцах эрх олгох" гэж заажээ.
Улмаар тус сургууль 1833 оны 9-р сарын 23-нд Троицкосавск хотод нээгджээ. 1833-1860 онд Казанийн их сургуулийн профессороор ажиллаж байсан Юзеф Ковалевски уг боловсролын байгууллагыг байгуулах санаачлага гаргаж байсан гэж үздэг. Хаант Оросын Дотоод хэргийн яамны харьяанд байсан тус сургуульд зориулж нэг давхар 2 модон барилга барьсан: Анги танхимтай хичээлийн барилга, сурагчдад зориулсан дотуур байр.
Гурван жилийн сургууль нь Буриадын казак хүүхдүүдийг Троицкосавскийн хилийн захиргаа болон 1766 онд Байгаль нуурын зааг дахь улсын хилийг хамгаалах зорилгоор байгуулагдсан Буриадын дөрвөн казак хороонд бичиг хэргийн ажилтан, орчуулагч, түрүүчээр ажиллахад бэлтгэх зорилготой байв. Тус сургуулийн төгсөгчид мөн Буриадын сүм хийдийн сургуулиудад багшаар ажиллаж байжээ. Тус сургуульд 10-12 насны казак ахмадуудын хүүхдүүд (десятник, пятидесятник, сотник) элсдэг байв. Сурагчдын тоо 24-өөр хязгаарлагдсан бөгөөд голдуу орос хэл мэддэггүй буриад хөвгүүд байв. Оросуудыг ч бас хааяа элсүүлдэг байв. Олон хүн суралцахыг хүссэн боловч яам сурагчдын тоог 24-аар хязгаарласан байв.
Сургалтын хөтөлбөр нь бусад дүүргийн сургуулиудтай төстэй байв. Орос хэл дээр унших, уран бичлэг хийх, орос хэлний дүрэм, арифметик, орос газарзүй, түүх, зураг зурах хичээл заадаг байв. Монгол хэл, цэргийн дасгал сургуулилтыг мөн нэмж заадаг байжээ. Христийн шашны сургаалийг бурханы шашны хичээлээр сольж ордог байв. Боловсролын байгууллагын санхүүжилтийг Орос улсын сан хөмрөг болон казак цэргийн хороонуудын хандиваас авсан. Нээлтийн дараа нэмэлт 10,000 рубль нэг удаа хуваарилж байжээ.
1852-1858 онуудад санхүүжилтийн асуудлаас шалтгаалж сургууль түр хугацаагаар 6 жил хаагдсан юм. 1859 онд Ар Байгалын казак цэргийн үүрэг гүйцэтгэгчийн хүсэлтээр цэргийн сургуулийг дахин нээжээ. Селенгинск хотод уг сургууль хоёр ангийн хөдөөгийн сургууль болж үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1872 онд боловсролын байгууллагыг Оросын Нийгмийн боловсролын яаманд шилжүүлжээ. 1888 онд тус сургуулийг Селенгинск хотын хоёр ангийн сургууль болгон өөрчилсөн байна.
Орос-Монгол цэргийн сургуулийн анхны багш нар:
- Н. А. Уфтюшанинов — хүндэт харгалзагч.
- Василий Петрович Паршин — орос хэл, газар зүй, түүхийн багш, алдартай сибирийн нийтлэгч.
- А. М. Крюков — зургийн багш, сургуулийн захирал.
- Иринчен-Нима Ванчиков — монгол хэлний багш, төрийн бүргэгч; Селенгинск дахь английн төлөөллөгчийн газар сурч байсан. «Чингисийн чулуу»-г хуучин монголоос орчуулсан.
- Галсан Никитуев — лам, шашны сургаалийн багш. 1836 -1842 онд 1-р Казанийн гимназийн сурагч нарын багш.
- Николай Бадмаев — казах цэргийн ахлагч, цэргийн хичээлийн багш.
Алдарт төгсөгчид
- Яков Шишмарёв — 1849 онд төгссөн, Монголын Өргөө дахь Оросын консул байсан.
- Банзарын Дорж — 1835 онд төгссөн; дорно судлаач.
- Будажап Кутухтуев — Бээжин дахь шашны төлөөлөгчийн газрын орчуулагч, монгол судлаач эрдэмтэн.
- А. М. Лушников — Хиагтын худалдаачин.