Орос улсын түүх (зохиол)

«Орос улсын түүх»-зохиол (эрт. орос. Исторія государства Россійскаго) — Николай Карамзины 12 боть бүтээл бөгөөд үүнд эрт дээр үеэс Догшин Иваны хаанчлал бөгөөд Оросын Үймээн самууны үе (1598-1613) хүртэлх Оросын түүхийн хугацааг дүрсэлсэн байдаг. Утга зохиолын хэлний ур чадварыг шинжлэх ухаантай хослуулсаны ачаар энэ ном оросын боловсролтой өргөн олны дунд маш их алдартай бүтээл болсон юм. Мөн оросын түүхчдийн үзэж буйгаар оросын үндэсний ухамсар төлөвшилд маш их хувь нэмэр оруулсан ажээ.
Н.Карамзин "Орос улсын түүх" зохиолоо амьдралынхаа эцэс хүртэл бичсэн боловч бүрэн дуусгаж чадаагүй юм. 12 дахь ботийн гар бичмэлийг "Хаанчлал хоорондын 1611-1612 үе" гэсэн бүлэг хүрээд тасардаг байна. Гэвч зохиолч анх 1613 онд Романовын угсааныхны хаанчлалын эхэн үе хүртэл бичихийг зорьж байсан тул төлөвлөгөөгөө бараг бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэж болох юм.
Бүтээл дээр ажилласан түүх
[засварлах | кодоор засварлах]Тухайн үеийн хамгийн алдартай зохиолчдын нэг байсан Н.Карамзин өөрийн улсын түүхээ Эртний Ромын болон Францын түүхээс муу мэддэг байсан Оросын нийгэмд үндэсний түүхийг таниулах бүтээл туурвих санааг дэвшүүлжээ. Түүний санаачлагыг эзэн хаан I Александр дэмжиж, 1803 оны 10-р сарын 31-ний өдрийн зарлигаар түүнд Оросын түүх судлаач гэсэн албан ёсны цол олгосон байна. Ингээд 1804 онд Николай Карамзин өөрийгөө нийгмээс тусгаарлаж, Остафьево тосгон дахь эдлэнд очиж, зөвхөн уг бүтээлийг бичихэд бүх оюун ухаанаа зориулжээ.
Николай Карамзины "Орос улсын түүх" 8 ботийг 1816-1817 онд хэд хэдэн хэвлэх үйлдвэрт нэгэн зэрэг хэвлүүлэх ажлыг эзэн хаан I Александр өөрөө хувиасаа санхүүжүүлсэн байна. Бүх 8 боть нь нэгэн зэрэг буюу 1818 оны 2-р сарын 1-нд худалдаанд гарсан. Тухайн үеийн 3 мянган хувь хэвлэгдсэн бүтээл сар хүрэхгүй хугацаанд борлогдож, хоёр дахь хэвлэлийг 1818-1819 онд томоохон хэвлэгч Иван Сленин хэвлүүлсэн байна. 1821 онд шинэ 9 дэх боть, 1824 онд дараагийн хоёр боть тус тус хэвлэгдсэн ажээ.
Зохиолч 12 дахь ботио хэвлүүлж амжилгүй нас барсны дараа бараг гурван жил өнгөрсөн хойно сүүлчийн боть хэвлэгдсэн юм. Н.Карамзины үлдээсэн ноорог дээр үндэслэн 12-р ботийг Константин Сербинович, Дмитрий Блудов нар бэлтгэж 1829 оны эхээр хэвлүүлсэн ажээ. Тэд мөн жилийн дараа бүх 12 ботийн хоёр дахь хэвлэлийг гаргасан түүхтэй.
Уг түүхийн бүтээлийн эхний ботиуд хэвлэгдэж тухайн үеийнхэнд маш их нөлөө үзүүлсэн. Оросын алдарт яруу найрагч А.Пушкины үеийнхэн уг бүтээлийг амьсгаа даран уншиж, өнгөрсөн үеийн үл мэдэгдэх түүхийн цагаан хуудсыг өөртөө нээж байжээ. Зохиолч, яруу найрагчид уг бүтээлээс санаа авч зохиолоо урлагийн бүтээл болгон хөгжүүлдэг байсан юм. Жишээлбэл, А.Пушкин "Борис Годунов" эмгэнэлт зохиолдоо энэхүү бүтээл дээр тулгуурлан бичиж байсан юм.