Охин үр (Бя.Энхтуяа, С.Баатарсүх)

Шүлэг: Бя.Энхтуяа

Хөгжим: С.Баатарсүх

ОХИН ҮР

Цэцэн буурал гацуур модны гунигийг цэлмүүлэхээр  

Цэцэгт хаврын цэнхэр яргуй цасанд гэрэлтлээ 

[Цээжний гуниг насны баярын дундуурыг дүүргэхээр 

Цэлмэгэр багахан охин үр минь нартад мэндэллээ.]x2

Цээнийн цэцэгт хөвч хангайн цэнгэлийг гүйцээхээр 

Цээлхэн дуутай хөхөө шувуу зунжин донгодлоо 

[Цэвэр ичимтгий монгол зангаараа хотлыг уяраахаар 

Цэв цэвэрхэн охин үр минь гэрээ гийгүүллээ.]x2

Цэмцгэр гоёхон цэцгийн гунигийг нимгэлэхээр

Цэнгүүн тайгын цэгцхэн гацуур намрыг үдлээ

[Цэгнэж туулдаг, алдаж ухаардаг хорвоог танихаар

Цэгцгэр гол шиг охин үр минь дуулан гэгэлзлээ.]x2

Цэлийн цэлийх цасан далайн шимийг залгуулахаар 

Цээнэ, шарилж өвлийн туршид цасанд сэрвэлзлээ

[Цэрвүү холдоо охин үр минь хадамд гарахаар

Цэцгийн үндэс шиг ижий аав нь гэртээ үлдэнэ.]x2

Дууны тухай[засварлах | кодоор засварлах]

Энэ дуу 1994 онд бүтсэн. Хөгжмийн зохиолч С.Баатарсүх 1993 онд энэ шүлгийг яруу найрагчаас нь анх өөр нэгэн аялгуундаа зориулан авч байжээ. Тэрээр энэ дууны шүлгэн дээрээ “Охин үр минь нартад мэндэллээ”, “Цэцгийн үр” гэх зэргээр бичиж тэмдэглэсэн байдаг.  

1994 оны 11-р сарын 2-4-нд Соёлын Төв Өргөөнд тоглогдсон С.Баатарсүхийн бие даасан уран бүтээлийн анхны “Цэнхэр залаа-25” тоглолт дээр Бүх Цэргийн Дуу Бүжгийн чуулгын гоцлол дуучин Бүрнээбаяр, Сонгодог Урлагийн Академик Их Театрын гоцлол дуучин Эрдэнэбат нарын хамтран дуулснаар дуу анх олны хүртээл болж, мөн тэдний хамтран дуулснаар Монголын Радиод анх авагджээ.

Жич: МУГЖ Г.Эрдэнэбат хөгжмийн зохиолчийн "Учрахын ерөөл" (шүлэг: Б.Лхагвасүрэн), МУГЖ Э.Бүрнээбаяр нь дуучин СТА Т.Аминатай хамтран "Цас цагаан охин" (шүлэг: Бя.Энхтуяа) зэрэг дууг дуулсан байдаг байна.

Сонсох[засварлах | кодоор засварлах]

МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Э.Бүрнээбаяр нарын хамтран дуулсан анхны хувилбар  

  1. МҮОНР, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Э.Бүрнээбаяр нарын хамтран дуулсан С.Баатарсүхийн хөгжим, Бя.Энхтуяагийн шүлэг "Охин үр" дуу
  2. YouTube, 2012-09-12, Бүрнээбаяр,Эрдэнэбат - Охин үр минь 
  3. Монголын радио, 2022-09-29, “Охин үр минь” дуун өгүүлэмж (1:36-4:45) 
  4. SoundCloud, 2022-09-28, “Охин үр минь” дуун өгүүлэмж (1:36-4:45)  

Бусад хувилбар

  1. YouTube, 2015-11-02, Bold, Chuluunchimeg - Ohin ur min | Болд, Чулуунчимэг - Охин үр минь