Павел Мельников
Павел Мельников (орос. Павел Петрович Мельников, 1804 оны 8-р сарын 3-нд Оросын хаант улсын Москвад төрж, 1880 оны 8-р сарын 3-нд Оросын Любань хотод нас барсан) — Оросын төрийн зүтгэлтэн, эрдэмтэн-механик, инженер-генерал, Санкт-Петербург—Москва чиглэлийн анхны төмөр замын төсөл боловсруулагчдын нэг бөгөөд 1865-1869 онд Оросын эзэнт гүрний анхны Зам харилцааны сайдын албыг хашсан хүн.

Намтар
[засварлах | кодоор засварлах]Павел Мельников 1818-1820 онд Москвагийн В.Кряжевын нэрэмжит дотуур байртай сургуульд суралцаж "маш сайн хичээл зүтгэлтэй” төгссөн. 1820 онд тэрээр Төмөр замын инженерүүдийн корпусын дээд сургуулийн дэргэдэх Цэргийн барилгын сургуульд элсэн ороод 1822 оны 11-р сарын 10-нд сургуулийн курсээ сурлагын амжилтаараа тэргүүлж төгссөн байна. Оюутан байхдаа зуны улиралд судалгааны ажилд явдаг байжээ. Тэгээд сургуулиа төгсөөд шууд Зам харилцааны инженерүүдийн дээд сургуулийн гуравдугаар курст элсэв. 1823 оны 6-р сарын 27-нд түүнийг Төмөр замын инженерүүдийн корпус руу шилжүүлж, 1824 оны 7-р сарын 27-наас эхлэн дэслэгч болжээ. Тэрээр 1825 оны 7-р сарын 26-нд дээд сургуулийг дэслэгчээр төгсөхөд нь сургуульдаа багшлахыг санал болгосон тул мөн оны 8-р сарын 15-нд тэрээр механик хэрэглээний ангийн багш болжээ. 1833 оноос хойш Зам харилцааны инженерүүдийн дээд сургуулийн хэрэглээний механикийн профессор, тэнхимийн эрхлэгчээр ажилласан байна.
Оросын төмөр замын анхны төсөл
[засварлах | кодоор засварлах]1835 онд Павел Мельниковын "Төмөр замын тухай" эрдэм шинжилгээний бүтээл хэвлэгдсэн бөгөөд үүнд Орост ган зам барих эдийн засгийн үр ашиг болон техникийн боломж бололцоо байгааг харуулсан ажээ. Энэ ном Оросын I Николай хааны анхаарлыг татсан ажээ. Туршилтын төсөл нь Санкт-Петербург болон Царское Село хотын хооронд төмөр зам барих ажил байв. Павел Мельников энэ төслийг хянан үзэх комисст оржээ.
Улсын хэмжээнд томоохон бүтээн байгуулалт эхлэхээс өмнө П.Мельниковыг Баруун Европт төмөр замын чиглэлээр суралцахаар явуулсан байна. Үүний үр дүнд тэрээр мянга таван зуу гаруй хуудастай тайлан бичжээ. 1839 онд Зам харилцааны инженерүүдийн корпусын хүрээлэнгийн профессор П.Мельниковыг АНУ руу илгээжээ.
1841 оны 3-р сард I Николай Санкт-Петербург-Москвагийн хооронд төмөр замын төслийг (орос. "Николаевская дорога" гэж мөн нэрлэдэг байсан) боловсруулах комисс байгуулахыг тушаажээ. Комиссын даргаар Александр Бекендорф, гишүүдэд Николай Крафт, Павел Мельников нарын хүмүүс багтжээ. 1841 оны 9-р сард тус комиссоос төмөр зам барих, ажиллуулах санхүү, эдийн засгийн тооцоо бүхий төслийн тайланг танилцуулж, улсын эдийн засгийн үр өгөөжийг харуулсан. Олон сайд нар Мельниковын тооцоотой маргаж байсан ч I Николай хаан дэмжиж эцсийн үгийг хэлж 1842 оны 2-р сарын 13-нд тэрээр Санкт-Петербург-Москвагийн төмөр зам барих тухай зарлигт гарын үсэг зуржээ. 1851 онд тус замын хөдөлгөөнийг нээсэн байна.
1862 онд П.Мельников Зам харилцааны ерөнхий даргаар томилогдсон. Түүний бүтээн байгуулалтууд нь төвийн мужуудыг Алс Дорнодтой холбох төлөвлөгөө зэрэг олон арван жилийн төмөр зам барих үндэс суурийг тавьсан ажээ.
1865 онд дэслэгч генерал Павел Мельников шинээр байгуулагдсан Зам харилцааны яамыг удирдаж эхэлжээ. Түүнийг тус яаманд ажиллах хугацаанд Оросын төмөр замын сүлжээ 7062 км-ээр нэмэгдсэн байна. Тэрээр мөн Орост төмөр замын өртөөний зураг төсөл боловсруулах анхны техникийн тодорхойлолтыг зохиогч болсон.