Jump to content

Падуагийн их сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Падуагийн их сургууль (итали. Università degli Studi di Padova, латин.Universitas Studii Paduani, унгар. Università de Pàdova) —Италийн хамгийн ууган их сургуулиудын нэг бөгөөд өнөө үед нийтийн судалгааны Их сургууль. 1222 онд байгуулагдаж XV—XVIII зуунд Венецийн Бүгд найрамдах улсын боловсролын гол төв байсан. Уриа нь — Universa universis patavina libertas («Падуагийн эрх чөлөө бүгдэд бөгөөд бүх нийтийн төлөө»).

Их сургуулийн 800 жилийн ойн хурал, 2022 он.

Их сургуулийг 1222 онд Болонийн их сургуулийн удирдлагатай зөрчилдсөний улмаас орхисон багш, оюутнууд үүсгэн байгуулжээ. Дундад зууны үед Европын өнцөг булан бүрээс ирсэн оюутнууд Падуа хотод суралцаж, ирсэн улс орны гарал үүслийнх нь дагуу хуваагддаг байсан. 1339-1813 онд "Universitas Iuristarum" (иргэний болон шашны эрхзүй, шашин судлал заадаг) болон "Universitas Artistarum" (одон орон судлал, диалектик, гүн ухаан, хэлний дүрэм, анагаах ухаан, уран илтгэл заадаг) гэж хоёр боловсролын байгууллага болж хуваагдсан байна. 1373 онд Ромын Пап V Урбан "Universitas Theologorum" байгуулж байжээ.

Падуагийн их сургууль нь Сэргэн мандалтын үеийн шинжлэх ухааны (одон орон, анагаах ухаан, хууль) төвүүдийн нэг болж, Венецийн Бүгд Найрамдах Улс ивээн тэтгэсэн бөгөөд энэ нь Ромын сургаал, нөлөөллөөс ангид байхыг баталгаажуулсан юм. Сэргэн мандалтын болон орчин үеийн эхэн үеийн шилдэг зүтгэлтнүүд болох Пико делла Мирандола, Кузагийн Николас, Николай Коперник, Италийн утга зохиолын хэлийг үндэслэгчдийн нэг Пьетро Бембо, Торкуато Тассо, Галилео, Андреас Весалиус, Беларусийн анхны хэвлэгч Франциск Скорина нар энэ Их сургуульд суралцаж, ажиллаж байжээ.

1995 онд шинэ дүрэм батлагдсанаар их сургуульд бие даасан байдалтай болсон. 2021 оны байдлаар тус их сургууль нь 72 орчим мянган бакалавр, магистр, докторын хөтөлбөрийн оюутантай, хүмүүнлэгийн ухаан, философи, эдийн засаг, боловсрол, инженерчлэл, хууль эрх зүй, физик-математик/байгалийн ухаан, анагаах ухаан, мэс засал, эм зүй, хөдөө аж ахуй, сэтгэл судлал, улс төрийн шинжлэх ухаан, статистик, мал эмнэлэг гэсэн 32 факультеттай. Их сургуулийн Ректор- Розарио Риззуто.

Тус их сургууль 2023 оны санхүүгийн жилд 831 сая еврогийн төсөв гаргахаар төлөвлөж байсан. Үүний 545 сая еврог Италийн Боловсрол, их сургууль, судалгааны яам, Европын холбоо, бүс нутаг, муж гэх мэт орон нутгийн засаг захиргаа болон бусад байгууллагуудын шимтгэлээс бүрдсэн байна. Үлдсэн 232 сая еврог өөрийн орлого гэж ангилсан бөгөөд үүний 106 сая еврог сургалтын төлбөр, 125 сая еврог судалгааны ажилтай холбоотой орлогоос бүрдүүлсэн ажээ.