Jump to content

Палестиныг чөлөөлөх байгууллага

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Палестиныг чөлөөлөх байгууллага (ПЧБ) (араб. مُنَظَّمَةُ ٱلتَّحْرِيرِ ٱلْفِلَسْطِينِيَّة‎, муназ̣з̣амат ат-тах̣рӣр аль-фалист̣ӣнийя) — 1948 оны Араб-Израилын дайнаас өмнө Британийн мандат доорх Палестины газар нутагт оршин сууж байсан арабууд болон тэдний үр удмын ашиг сонирхолыг илэрхийлдэг байгууллага. 1964 онд Араб орнуудын Лигийн шийдвэрээр "Палестиныг чөлөөлөх", "Палестины араб хүн амд хууль ёсны эрх олгох" зорилгоор байгуулагдсан.

Ицхак Рабин, Билл Клинтон, Ясир Арафат нар 1993 оны 9-р сард Цагаан ордны өмнө.

Палестиныг чөлөөлөх байгууллагын мөрийн хөтөлбөр нь 1968 онд Каир дахь Палестины үндэсний зөвлөлөөс баталсан Палестины дүрэмд Израил улсыг татан буулгах, Палестин дахь сионистуудын оролцоог арилгахыг уриалж, Палестиныг "Их Британийн бүрэн эрхийн үед оршин байсан хил хязгаарт хуваагдашгүй бүс нутгийн нэгдэл" гэж үзсэн байдаг.

Саиб Ерекат

Тус байгууллагын Гүйцэтгэх хорооны анхны дарга Ахмед Шукайри (1964-1967), дараа нь Яхье Хаммуда энэ албан тушаалыг ердөө жил гаруйн хугацаанд хашсан. 1969 оноос 2004 онд нас барах хүртлээ ПЧБ-ын Гүйцэтгэх хорооны гурав дахь дарга нь ФАТХ-ын удирдагч Ясир Арафат байв. 2004-2015 онд Махмуд Аббас даргаар ажиллаж байсан. 2015 оноос Саиб Ерекат ажиллаж байна.

Палестиныг чөлөөлөх байгууллагын бүрдүүлдэхүүнд ордог Палестины арабуудын цэрэг-улс төрийн байгууллагууд олон израилчууд болон бусад орны иргэдийг хөнөөсөн хэрэгт хариуцлага хүлээдэг. Улмаар хэд хэдэн улс орон тус байгууллагыг террорист байгууллага гэж үздэг.

Хүйтэн дайны үед ПЧБ Зөвлөлт Холбоот Улсыг дэмжсэн чиг баримжаатай ойр харилцаатай байсан бөгөөд Израилын оршин тогтнох эрхийг бүрэн үгүйсгэж, АНУ-тай албан ёсны харилцаа явуулдаггүй байв. Израил, АНУ-ын зүгээс Палестиныг чөлөөлөх байгууллагыг террорист байгууллага гэж үзэж байв. 1974 оны 6-р сард ПЧБ тэмцэлдээ зөвхөн террорист арга барил баримтлахгүй гэж мэдэгдсэн.

Одоогийн байдлаар ПЧБ хууль ёсны үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд НҮБ-д ажиглагчийн статустай. Ямар ч улс, тэр дундаа Израил улс ПЧБ-ыг террорист байгууллага гэж албан ёсоор зарлаагүй байна.

2001 оны 12-р сард Израилын Засгийн газар Ясир Арафат тэргүүтэй Палестины засаг захиргааг "терроризмыг дэмждэг байгууллага" гэж зарлаж байсан юм.

Палестиныг чөлөөлөх байгууллагын нэр нь Израил, Иордан хоёрын эсрэг үйл ажиллагаа явуулах хүсэл эрмэлзэлийг илэрхийлдэг, учир нь тэдгээр улс Палестиныг бараг бүхэлд нь (Египетийн эзэлсэн Газын зурвасыг эс тооцвол) хяналтад авсан байсан.