Jump to content

Папирус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Папирус (эрт.-грек. πάπῡρος, латин. papyrus) — Эрт үед Египет, дараа нь бусад газар нутагт дэлгэрсэн, бичих, зурах зориулалттай өнөөгийн цаасны өвөг. Папирус цаасыг нэршил нэгтэй, олон наст, намгийн папирус (латин. Cyperus papyrus) ургамал ашиглаж хийдэг байжээ. Газар дундын тэнгис нутгийн орчим папирус ургамал Нил мөрний эрэг, Сицили болон Палестин, Сири, Грек орчим ургадаг. Уг ургамлаар олс сүлжих, малд тэжээл бэлдэх, мөн эмийн ургамал зэргээр өргөн хүрээнд ашиглаж байжээ.

Грекийн папирус

Папирус цаасыг Египетэд МЭӨ 3-р мянганы үеэс хэрэглэж ирсэн байна. МЭӨ 7-р зууны үед эртний ертөнцөд гарч ирээд 12-р зуунд цаас хэрэглэх хүртэл өргөн ашиглагдаж байсан. Папирус гэдэг нэр Европын олон хэл болон араб хэлээр цаас гэх утгаар тархжээ.

Папирус дээрх грек, латин бичвэрүүдийг судлах нь түүх, филологийн тусгай салбар болох "папирологи" юм. Энэ нь анх 18-р зуунд Италийн Геркуланум (1752-1754 онд малтсан Папирийн Вилла) хот болон Египетэд (1778) нээлт хийсэнтэй холбогдуулан гарч ирсэн. 1877-1878 онд Фаюмаас асар их хэмжээний папирус олдсон нь шинжлэх ухааны шинэ салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. "Папирологи" гэсэн нэр томьёог 1898 онд Британийн музейн захирал Сэр Фредерик Кенион (англи. Frederic George Kenyon) Британийн музей дэх Египетийн олдворуудын тухай хэвлүүлсэн тоймдоо нэвтрүүлсэн юм. Папирологийн хөгжилд томоохон түлхэц болсон нь дундад зууны үед алдагдсан гэж үздэг байсан Аристотелийн "Афины улс төр" буюу "Афины Үндсэн хууль" (эртний грек. Ἀθηναίων πολιτεία) -ийг 1891 онд олж, хэвлүүлсэн явдал юм.

Пап лам нар 11-р зууныг хүртэл папирус ашиглаж ирсэн байна. 849-1057 он хүртэл 23 зарлигийг цаасан дээр бичсэн нь мэдэгдэж байгаа бөгөөд тэдгээрийн заримыг нь Арабын ертөнцөөс импортолсон байдаг. Египетээс Ром руу хамгийн сүүлд папирус илгээсэн нь 981 он байжээ.

12-р зуунд папирусын үйлдвэрлэл зогссон бөгөөд шинэ, хямд бичгийн материал болох цаасны өрсөлдөөнийг тэсвэрлэх чадваргүй болсон байна.