Парламентын дархлаа
| Парламентын дархлаа | |
|---|---|
| Зохиолч | Ганхуягийн Агар-Эрдэнэ, Дамдины Энхбат |
| Улс | Монгол Улс |
| Хэл | Монгол |
| Урсгал | Хууль, Эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүй, Парламент судлал |
| Хэвлэгч | Мажестик Паблишинг |
| Хэвлэсэн огноо | 2025 |
| Хэвлэгдсэн төрөл | Зөөлөн хавтастай хэвлэл |
| хуудасны тоо | 167 |
| ISBN | 978-9919-0-4572-2 |
Парламентын дархлаа (Parliamentary Immunity) бол хуульч, судлаач Г.Агар-Эрдэнэ, Д.Энхбат нарын хамтран бичсэн нэг сэдэвт хууль зүйн судалгааны бүтээл юм. Энэхүү номд парламентат ёсны нэг шинж болох парламентын дархлааны асуудлыг орчин үеийн чиг хандлага, Монгол Улс дахь эрх зүйн орчинтой харилцан уялдаанд авч үзжээ. Номыг туршлагатай парламентч, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан хянан тохиолдуулсан.[1]
Номын агуулга
[засварлах | кодоор засварлах]Нэгдүгээр хэсэг. Парламентын дархлааны анхдагч ойлголт
1.1.Нэр томьёоны товч тайлал
1.2.Үзэл санааны төлөвшлийн түүх
Хоёрдугаар хэсэг. Дархлааны хоёр тогтолцоо
2.1.Парламент хариуцлага үл хүлээх зарчим буюу үнэмлэхүй дархлаа
2.2.Парламентад үл халдах зарчим буюу хязгаарлагдмал дархлаа
2.3.Парламентын дархлааг хуульчлан баталгаажуулах нь
Гуравдугаар хэсэг . Монгол Улсын Их Хурлын дархлаа
3.1.Үндэсний эрх зүйн орчин бүрдсэн нь
3.2.Үнэмлэхүй дархлааны эрх зүйн орчин
3.2.Хязгаарлагдмал дархлааны эрх зүйн орчин
3.4.Парламентын дархлааг хөндсөн Үндсэн хуулийн цэцийн шийдвэрүүд
3.5.Улсын Их Хурлаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхтэй холбогдон гарсан шийдвэрүүд
Номын өмнөх үг
[засварлах | кодоор засварлах]"Ардчилсан нийгмийн тулгын чулууны нэг нь парламентын дархлаа бөгөөд төрийн эрх мэдэл хуваарилах зарчмын дагуу хууль тогтоох эрх мэдлийн хараат бус, бие даасан үйл ажиллагааг хангахад амин чухал нөлөө үзүүлдэг. Дархлааны тусламжтай парламентын институци бэхждэг ба бүрэн утгаар нь, зөв зүйтэй ашиглаж чадвал ардчиллын өмнө тулгарсан аливаа сорилтыг даван туулахад хамгийн их тус болох хууль зүйн арга хэрэгсэлд тооцогддог.[2]
Үндсэндээ парламентын дархлаа нь бусад байгууллага, хувь хүмүүст бус, ард түмнийг төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь зориулж зөвхөн парламентад өөрт нь олгосон дангаар эдлэх онцгой эрхийн цогц билээ. Иймд олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн ойлголт ёсоор парламентын хувь гишүүн энэхүү баталгааг өөрт нь өмчлүүлсэн онцгой эрх гэдэг утгаар бус, харин парламентын институцийн нэг эд эс болохын хувьд эдэлж буй боломж хэмээн ойлгож хэрэгжүүлэх ёстой юм. Тодруулбал, парламентын гишүүн уг боломжийг хувийн ашиг сонирхолдоо бус, зөвхөн нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах зорилгод ашиглах ёстой гэсэн суурь үзэл санааг нь цаг ямагт санаж байх учиртай. Ингэж чадвал парламентын дархлаа нь хууль тогтоогч, сонгогчдыг холдуулах бус, харин нэгдмэл байлгах гол механизм болох юм.
Бидний хувьд «халдашгүй байдал», «дархан эрх», «иммунитет», «индемнитет» гэх зэргээр ялгаатай хэрэглэдэг нэр томьёонууд парламентын дархлаа гэх ойлголтод бүхэлдээ багтах бөгөөд энэ номд ард түмний төлөөллийн байгууллага болох парламент, түүнд сонгогдсон төлөөлөгчдөд олгогддог дархлааны зорилго, хүрээ хязгаарыг хөндөж, парламентад энэхүү эрх зүйн хамгаалалт яагаад чухал болох талаар, уг хамгаалалтын тусламжтайгаар хууль тогтоогч аливаа хариуцлагаас эмээлгүй сонгогчдоо хэрхэн төлөөлөх боломжтой талаар авч үзэх болно."
Онцлох эшлэл
[засварлах | кодоор засварлах]Номын зарим хэсгээс онцлох эшлэлийг түүвэрлэв. Үүнд:
"Парламентын дархлаа бол парламентын хувь гишүүнд олгосон ганцаар эдлэх бүрэн эрх биш, харин парламентын институцид бүхэлд нь олгосон хууль ёсны бөгөөд хамтын ажиллагаатай тогтолцоо юм."
"Парламентын дархлаа нь хууль тогтоогчдыг зүй бус нөлөөллөөс хамгаалж, аливаа хэлмэгдүүлэлтээс айхгүйгээр үүргээ чин шударгаар гүйцэтгэх боломжийг олгох зорилготой."
"Парламентын дархлаа нь зөвхөн гишүүдийн хамгаалалт төдий бус, эрх мэдлийг хэрэгжүүлэгчдийн ил тод байдал, хариуцлагыг хадгалах үндэс юм. Хэрэв энэ дархлааг хэтрүүлэн ашиглавал эрх мэдэлтнүүд хамгаалагдаж, ард түмний эрх ашиг хөсөрдөх аюултай"
Холбоос
[засварлах | кодоор засварлах]- ↑ Д.Соёл-Эрдэнэ. "Парламентын дархлаа". www.legaldata.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-23.
- ↑ Д.Соёл-Эрдэнэ. "Парламентын дархлаа". www.legaldata.mn (Англи хэлээр). Татаж авсан: 2025-04-23.
