Jump to content

Патрик Бауман

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Патрик Бауман

Патрик Бауман (герман. Patrick Baumann, 1967 оны 8-р сарын 5-нд Швейцарын Базель хотод төрсөн - 2018 оны 10-р сарын 14-нд Аргентины Буэнос-Айрес хотод нас барсан) -Швейцарийн спортын зүтгэлтэн, 2003 оноос 2018 онд Олон улсын сагсан бөмбөгийн холбооны (FIBA) ерөнхий нарийн бичгийн дарга байсан. Тэрээр 2020 онд Сагсан бөмбөгийн алдрын танхимд бүртгэгдсэн.

Патрик Бауман 1967 оны 8-р сарын 5-нд Базель хотод төрсөн. Тэрээр 1987 онд Санремо хотод бакалаврын зэрэг хамгаалсан. 1990 онд Лозаннагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. 1996 онд Лионы их сургуульд спортын удирдлага, менежментийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан. 2011 онд Чикагогийн Их Сургуулийн Бизнесийн Сургуульд MBA зэрэг хамгаалсан. Мөн Швейцарийн спортын сургуульд шүүгчийн курс төгссөн. Тэрээр англи, франц, герман, итали, испани хэлээр чөлөөтэй ярьдаг байв.

Залуу насандаа тэрээр сагсан бөмбөг тоглож байсан: эхлээд тоглогч, дараа нь сагсан бөмбөгийн шүүгч. Дасгалжуулагчийн ажилд оролцож, залуучуудын тэмцээн, сагсан бөмбөгийн бэлтгэлийн баазуудыг зохион байгуулж байсан ажээ.

1994 оноос хойш Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-д хуульчаар ажилласан. 1995 оны 4-р сараас 2003 оны 1-р сар хүртэл FIBA-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор ажилласан. 2003 оны 1-р сараас эхлэн ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Патрик Бауман ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд "3х3" сагсан бөмбөгийн хөгжлүүлэхэд ихэд дэмжсэн юм.

Патрик Бауман 2007 оноос Олон Улсын Олимпийн Хорооны гишүүн. 2008 оны Зуны Олимпийн наадмыг үнэлэх комисс (FIBA-гийн төлөөлөгчөөр; 2000-2001), 2012 оны Зуны Олимпийн наадмыг зохицуулах хороо, Олон улсын харилцааны комисс (2008-2014), Спорт, хууль зүйн комиссын ажилд оролцсон. Тэрээр 2020 оны Олимпын наадмын үнэлгээний комисс, Маркетингийн комисс (2014 оноос хойш), Тамирчдыг дэмжих комиссын (2014 оноос хойш) гишүүнээр ажиллаж байсан.

Сагсан бөмбөгөөс гадна тэрээр усанд сэлэх, теннис, хөлбөмбөг сонирхож тоглодог байжээ. Тэрээр гэрлэсэн бөгөөд гурван хүүхэд өсгөсөн байна.

Патрик Бауман 2018 оны 10-р сарын 13-нд Аргентины Буэнос-Айрес хотод зүрхний шигдээсээр нас барсан.