Петропавловын цайз

Петропавловын цайз (орос. Петропа́вловская кре́пость, 1914—1917 онуудад Петроградын цайз— Петрогра́дская крепость) — Оросын Санкт-Петербург хотын уран баримлын хамгийн ууган дурсгалт газар. Санкт-Петербург хотын түүхэн төв болох "Туулайн арал" (Заячий остров) дээр оршдог. Энэ түүхэн цайзыг 1703 оны 5-р сарын 16 (27) буюу Санкт-Петербург хот үүсгэн байгуулагдсан өдөр нэгэн зэрэг үүссэн гэж үздэг байна. Уг цайзыг ямар ч дайн тулаанд ашиглаж байгаагүй ажээ. 18-р зууны эхэн үеэс 1920-иод оны эхэн үе хүртэл Оросын эзэнт улсын улс төрийн хоригдлуудад зориулсан томоохон шоронгийн үүрэг гүйцэтгэж байгаад 1924 оноос хойш улсын музей болсон байна.
Энэхүү цайз нь Санкт-Петербург хотын түүхэн хэсгийн нэг хэсэг бөгөөд энд байрлах дурсгалт цогцолборын хамт ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтсан, жуулчдыг татах төвүүдийн нэг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Петропавловын цайз барих төслийг Оросын I Пётр хаан биечлэн санаачилсан байна. Барилгын анхны төслийг 1703 онд Саксоны инженер В.А.Кирштенштейн, Францын инженер Ж.Г.Ламберт де Герин нар зохиож байжээ. Энэхүү цайз нь 1703 оны 5-р сарын 27-нд байгуулагдсан бөгөөд энэ өдрийг удалгүй Оросын эзэнт гүрний нийслэл болсон Санкт-Петербург хот байгуулагдсан өдөр гэж үздэг болсон байна. 7-р сарын 12-нд Петрийн өдөр Ариун Петр, Паул нарын модон сүмийг байгуулж, энэ үйл явдлыг их буугаар буудаж тэмдэглэсэн байна.