Питер Друкер
Питер Фердинанд Друкер (англи дуудлага: /ˈdrʌkər/, герман дуудлага: [ˈdʁʊkɐ]; 1909 оны 11 сарын 19 – 2005 оны 11 сарын 11) нь Австри гаралтай Америкийн менежментийн зөвлөх, сурган хүмүүжүүлэгч, зохиолч хүн юм.
Түүний нэрийг Питер Ф.Дракер, Питер Ф.Друкер буюу Дракер, Друкер гэж монгол хэлээр бичиж тэмдэглэсэн байдаг.
Друкерийн бүтээлүүд орчин үеийн менежментийн онолын гүн ухаан болоод дадлага ажлын үндэс суурийг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр менежментийн боловсролыг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, “Зорилготой удирдахуй” (Management by Objectives, MBO) болон “Өөрийн хяналт” (self-control) гэсэн ойлголтуудыг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. Түүнийг “менежментийг жинхэнэ эрдэм шинжилгээний, бие даасан салбар болгон хөгжүүлсэн хүн” хэмээн тодорхойлдог.
Питер Друкерийн эрдэм шинжилгээний болон олон нийтэд зориулсан ном, өгүүллүүд нь бизнес, төрийн байгууллага болон ашгийн бус салбаруудад хүмүүс хэрхэн зохион байгуулагдаж, хамтран ажилладгийг судалсан байдаг. Тэрээр менежментийн онол, практикийн талаарх хамгийн алдартай бөгөөд хамгийн их нөлөө үзүүлсэн сэтгэгч, зохиолчдын нэг юм.
Питер Друкер 30 гаруй ном бичсэн бөгөөд ихэнх нь менежментийн чиглэлээр "сонгодог бүтээлүүд" гэж үнэлэгддэг.[1] Түүний бүтээлүүд XX зууны сүүл үеийн олон томоохон өөрчлөлтийг урьдчилан харсан байдаг. Үүнд:
- Төрийн өмчийг хувьчлах үйл явц
- Эрх мэдлийг төвөөс орон нутаг руу шилжүүлэх буюу төвлөрлийг сааруулах
- Япон улс эдийн засгийн дэлхийн хүчирхэг гүрэн болох нь
- Маркетингийн шийдвэрлэх ач холбогдол
- Насан туршийн суралцах шаардлагатай мэдээллийн нийгэм үүсэх зэрэг багтана.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Питер Друкер Австри-Унгарын эзэнт гүрэнд өөрийнх нь тодорхойлсноор либерал үзэлтэй лютеран протестант гэр бүлд өсөж хүмүүжжээ. Түүний эх Каролина Бонди анагаах ухаан судалсан бол эцэг Адольф Друкер нь хуульч бөгөөд төрийн өндөр албан тушаал хашиж байсан төрийн албан хаагч байв.
Друкер 1909 онд Австрийн Вена хотын Дублин дүүрэгт төржээ. Тэрээр оюунлаг хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнууд, эрдэмтэд шинэ санаа, үзэл бодлоо хэлэлцэхээр цуглардаг гэр орчинд өссөн байна.
П.Друкер "шинэ нээлт", "гайхалтай санаа" маш олон ч ердѳѳ 500 санааны нэг нь л зардлаа нѳхдѳг. Ихэнх санаа цаасан дээрээ үлддэг, амьдралд нэвтэрлээ ч зах зээл дээр амжилт олдоггүй, инновац болдоггүй байна.[2]
Эшлэл үгсээс
[засварлах | кодоор засварлах]"Менежмент гэдэг нь аливаа зүйлийг зөв хийхийг хэлдэг бол манлайлал гэдэг нь зөв зүйлийг хийхийг хэлнэ."
“Та хаана ч хамаагүй амжилттай бизнес олж харвал та хэн нэгнийг зоригтой шийдвэр гаргасан байна хэмээн бодоорой.”
"Бүх дэлхий даяар, хөгжингүй орнуудын хувьд нэг зүйл маш тодорхой болсон. Бид хэдэн арван жилийн өөрчлөлттэй нүүр тулах нь.[3]"
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Питер Дракерийн "The Effective Executive" номын тухай
- Питер Ф.Дракер Үр бүтээлтэй удирдах ажилтан
- Петр Дракер: Хэрхэн “зөв” зүйлийг хийх вэ?
- ↑ LLC, Enlighten Generation. "Innovation and Entrepreneurship". enlighten.mn. Татаж авсан: 2026-06-04.
- ↑ Б.Түмэнцэнгэл. "Петер Дракер: Энтрепренёр гэж хэнийг хэлэх вэ?". TRENDS.MN (Англи хэлээр). Татаж авсан: 2026-06-04.
- ↑ "Ирээдүйн талаар - Питер Дракер". Татаж авсан: 2026-06-04.