Jump to content

Платоны биет

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Геометрт Платоны биет (Англи: Platonic solid) гэдэг нь гурван хэмжээст Евклидийн огторгуйд орших гүдгэр, зөв олон талтыг хэлнэ. Зөв олон талт гэдэг нь бүх тал нь хоорондоо ижил хэлбэр хэмжээтэй зөв олон өнцөгтүүдээс бүрдэх бөгөөд мөн орой бүр дээр ижил тооны талууд огтлолцдог биетийг хэлнэ. Ийм шинж чанартай биет ердөө тав байдаг: тетраэдр (дөрвөн гурвалжин талтай), куб (зургаан квадрат талтай), октаэдр (найман гурвалжин талтай), додекаэдр (арван хоёр таван өнцөгт талтай), икосаэдр (хорин гурвалжин талтай).

Геометрчид Платоны биетүүдийг хэдэн мянган жилийн турш судалсаар ирсэн. Эдгээр биетүүд нь эртний Грекийн философич Платоны нэрээр нэрлэгдсэн бөгөөд тэрээр өөрийн "Тимей" хэмээх харилцан яриануудын нэгэнд сонгодог элементүүд нь ердийн зөв олон талтаас бүрддэг гэсэн таамаг дэвшүүлж байжээ.

Платоны биетүүдийг эрт дээр үеэс хүмүүс мэддэг байсан. Шотландын хожуу Неолитын үеийн хүмүүсийн сийлж үлдээсэн чулуун бөмбөрцгүүд эдгээр хэлбэрүүдийг илэрхийлдэг гэж үздэг. Гэвч эдгээр чулуун бөмбөрцгүүд нь олон талт биш, харин дугуй товгоруудтай байдаг. Товгоруудын тоо нь ихэнхдээ Платоны биетүүдийн оройн тоотой тохирдоггүй ба додекаэдрийн 20 оройтой ижил товгоруудтай нэг ч бөмбөлөг олдоогүй. Мөн товгоруудын байрлал нь үргэлж тэгш хэмтэй байгаагүй юм.