Полифенилен оксид
Полифенилен оксид (PPO) буюу полифенилен эфир (PPE) нь өндөр температурт тэсвэртэй, дулааны хуванцарын шинж чанартай инженерийн полимер юм. Шилжилтийн температур болон хайлшийн зуурамтгай чанар нь маш өндөр байдаг тул боловсруулахад хүндрэлтэй байдаг учир үүнийг цэвэр хэлбэрээр нь ашиглах нь ховор. PPO-г ихэвчлэн полистирол, гаднаас ирэх цохилтод тэсвэртэй полистирол эсвэл полиамидтай хольж боловсруулдаг. PPO-г 1956 онд Аллан Хэй анх нээсэн бөгөөд 1964 онд General Electric компани "Noryl" гэх худалдааны нэртэйгээр зах зээлд гаргажээ. PPO нь ойролцоогоор 215°C хэмийн өндөр шилжилтийн температуртай, аморф бүтэцтэй дулааны хуванцар материал юм. PPO-гийн холимогууд нь химийн болон механик шинж чанаруудын гайхалтай хослолыг агуулдаг. Полистирол нэмснээр шилжилтийн температур буурч, улмаар халуунд тэсвэртэй байдлаа хадгалахын хамт стандарт шахаж хэвлэх аргаар боловсруулахад илүү хялбар болдог. PPO-гийн холимогууд нь суналт болон гулзайлтын бат бэх, хэмжээсийн маш сайн тогтвортой байдал, чийг шингээлт багатай шинж чанартай бөгөөд халуун ус болон уурны нөлөөгөөр явагдах гидролизийн урвалд онцгой тэсвэртэй байдаг.
Түүнчлэн PPO нь давтамжийн өргөн хүрээнд цахилгаан тусгаарлах онцгой шинж чанарыг үзүүлдэг тул цахилгаан болон электроникийн инженерчлэлд өндөр ач холбогдолтой материал болдог. PPO-гийн холимогууд нь телевизорын их бие, цахилгааны холбогч, холболтын блок, шингэн дамжуулах төхөөрөмж, насосны сэнс болон автомашины дотоод чимэглэлийн эд анги зэрэгт өргөнөөр ашигладаг. Мөн PPO-гийн холимог материалууд нь үйлдвэрийн машин механизм болон эмнэлгийн багаж хэрэгсэлд хэвэнд цутгасан металл эд ангиудыг орлох хөнгөн жинтэй бүтцийн материал болдог.