Прадо музей

Прадо музей (испани: Museo Nacional del Prado) - Испанийн Мадрид хотод байрладаг, Европын дүрслэх урлагийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй музейн нэг болох үндэсний музей юм. Музейн барилга нь сонгодог урлагийн сүүл үеийн дурсгалт газар бөгөөд дэлхийн хамгийн их хүн зочилдог 20 урлагийн музейн нэг юм.
Прадо, Тиссен-Борнемисса үндэсний музей болон Рейна Софиа музейтэй хамт Мадрид дахь Урлагийн "Алтан гурвалжин"-г бүрдүүлдэг бөгөөд 2021 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн юм.
1819 онд Испанийн хаан VII Фернандо музейг албан ёсоор нээсэн.
Музейн сан хөмрөг
[засварлах | кодоор засварлах]Музейд Иероним Босх, Диего Веласкес, Гойя, Мурильо, Зурбаран, Эль Греко нарын зургийн дэлхийн хамгийн баялаг цуглуулга байдаг.
Италийн уран зургийн танхимуудад байгаа бүтээлүүд нь Сэргэн мандалтын эхэн үеэс (Фра Анжелико, Мантенья, Боттичелли) 18-р зуун (Тьеполо) хүртэлх үеийг хамардаг. Эхний давхарт Рафаэль Сантигийн зургууд үзэсгэлэнгийн төв хэсгийг эзэлдэг. Мөн давхарт Караважио, Жентилески нарын зурагнууд байдаг. Венецийн дэг сургуулийн уран бүтээлчид болох Тициан, Тинторетто, Веронезе, Бассано нарын бүтээлүүд нь Прадо музейн хамгийн баялаг зургийн хэсгийн нэгийг бүрдүүлдэг.
Италийн мастеруудын олон зургийг Испанийн V Карлос, II Фелип, ялангуяа IV Фелип хаад цуглуулсан байна. Цуглуулагчид Венецийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг хамгийн их сонирхдог байсан ажээ.