Прет-а-портэ
Прет-а-портэ (франц. prêt-à-porter, үгчилбэл — «өмсөхөд бэлэн») —Томоохон алдартай загвар зохион бүтээгчдийн олноор үйлдвэрлэх зориулалттай бэлэн хувцасны загваруудыг ийнхүү нэрэлдэг юм. Хувцаснууд нь жижиг загварын дэлгүүр болон томоохон их дэлгүүрүүдэд худалдаалагддаг байна. Эдгээр загваруудыг загвар зохион бүтээх товчоонуудаас олноор үйлдвэрлэх зорилгоор бүтээхээс гадна тэргүүлэгч загвар зохион бүтээгчдийн дизайны дагуу илүү онцгой байдлаар бүтээх боломжтой.

Бэлэн хувцас олноор үйлдвэрлэх нь урт түүхтэй бөгөөд өндөр зэрэглэлийн загвараас ч урт уламжлалтай гэж үздэг. Хувцас үйлдвэрлэлийн түүхчид Францын хувьсгалын эхэн үед гар урчуудын хязгаарлалтыг цуцалсны дараа бэлэн хувцасны дэлгүүрүүд өргөн тархсан гэж тэмдэглэжээ. 1812-1815 оны Англи-Америкийн дайны үеэр АНУ-д бэлэн цэргийн дүрэмт хувцсыг олноор үйлдвэрлэж байсан юм. 1820, 1830-аад онд эхлээд Францад, дараа нь Европын бусад орнуудад бэлэн хувцас үйлдвэрлэдэг анхны үйлдвэрүүд нээгдэн ажиллаж байжээ. Ээд зөвхөн эрэгтэй хүний хувцасны олноор үйлдвэрлэж байсан, учир нь эмэгтэйчүүдийн хувцаслалт нь илүү хувь хүний онцлог шинж чанарыг шаарддаг байв. Бэлэн хувцасны тархалтад цаасан эсгүүр, анхны их дэлгүүрүүд, ялангуяа оёдлын машинууд гарч ирсэн нь ихээхэн дэмжлэг болсон гэж үздэг.
1850-иад оноос эхлэн сайжруулсан оёдлын машинуудыг оёдлын цехүүдэд өргөн ашиглаж эхэлсэн.
Орчин үеийн "Прет-а-портэ" бэлэн хувцас үйлдвэрлэлийн хөгжил нь 1940-өөд оны хоёрдугаар хагастай холбоотой бөгөөд бэлэн хувцас үйлдвэрлэгчид болон оёдлын шугамууд эхлээд АНУ-д, дараа нь Европт чанар муутай бүтээгдэхүүнийг орлох зорилготой гарч эхэлсэн юм. Өөрийн загварыг хуулбарлахыг нийгмийн хүлээн зөвшөөрлийн нэг хэлбэр гэж үздэг байсан Габриэль Шанэль "загварыг гудамжинд авчрах" санааг эсэргүүцээгүй бөгөөд 1955 онд зохиогчийн эрхийг дэлхий даяар түгээх зорилгоор аж үйлдвэрийн корпорацид шилжүүлжээ. Энэ нь Өндөр зэрэглэлийн загварын танхимтай зөрчилдөхөд хүргэж, 1958 онд гишүүнчлэлээсээ татгалзсан мэдэгдэл хүртэл гаргажээ. Бэлэн хувцасны загвар бүтээсэн анхны загвар зохион бүтээгч нь 1957 онд Пьер Карден байв.
1966 онд алдарт Ив Сен-Лоран өөрийн бэлэн хувцасны "Saint Laurent Rive Gauche" (франц хэлнээс — «Голын зүүн эрэг») нэртэй шугамыг бий болгож "прет-а-портэ" -гийн байр суурийг эцэслэн баталгаажуулсан байна. Парис хотын Сена мөрний зүүн эрэг дахь тансаг бус оршин суугчдын төлөөлөл болдог учраас энэ нэр бэлэгдэл болсон юм. Прет-а-портэ-гийн загварууд загвар зохион бүтээгч буюу "кутюрье"-гийн нэрээр эсвэл загвар зохион бүтээх товчооны нэрээр нэрлэгддэг байна.
Шинэ бутик дэлгүүрүүд, бие даасан дизайнерууд, загвар зохион бүтээгчид, өргөн хүрээтэй бэлэн хувцасны загварын сүлжээнүүд гарч ирснээр загварын хүрээнд томоохон өөрчлөлтүүд гарсан. 1960, 1970-аад оны загварын тогтолцоонд гарсан хамгийн чухал өөрчлөлтүүдийн нэг бол аж үйлдвэрийн компаниуд болон загвар зохион бүтээгчдийн хоорондох холбоо болох "Бүтээгчид ба Үйлдвэрлэгчид" (франц: Créateurs et Industriels) байгууллага бий болсон явдал юм. Энэхүү холбоог тухайн үед Saint Laurent Rive Gauche, Givenchy, Valentino, Chanel зэрэг брэндүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн топ менежер байсан Дидье Грумбах (франц. Didier Grumbach) үүсгэн байгуулжээ. Тэрээр залуу дизайнерууд алдарт зохион бүтээгчидтэй адил давуу эрх эдэлж, загвар болон хувцасны шугамд өөрсдийн нэрээ оруулах боломжтой байх ёстой гэж үздэг байв.
1980-аад онд Кэлвин Клейн, Донна Каран, Ральф Лорен, Жанни Версаче, Жоржио Армани, Гуччио Гуччи, Иссей Мияке, Такадо Кэнзо, Ханаэ Мори зэрэг шинэ үеийн хувцас зохион бүтээгчдийн бүлэг гарч ирснээр "Haute Couture" буюу дээд загварын байр суурь улам дордов.