Jump to content

Прогрессив татвар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Прогрессив татвар гэдэг нь татварын хэмжээ буюу хувь хэмжээ нь татвар ногдох орлого нэмэгдэхийн хэрээр өсдөг татвар юм. “Прогрессив” гэх нэр томьёо нь татварын хувь багаас их рүү явц дараалан өсдөг байдлыг илэрхийлдэг бөгөөд үүний үр дүнд тухайн хүний дундаж татварын хувь нь заагийн (marginal) татварын хувиас бага байдаг. Энэ нэр томьёог нэг төрлийн татварт ч, нийт татварын тогтолцоонд ч хамааруулан хэрэглэж болдог. Прогрессив татварыг хэрэглэх зорилго нь төлбөрийн чадвар багатай хүмүүсийн татварын дарамтыг бууруулах явдал бөгөөд ингэснээр татварын ачааллыг төлбөрийн чадвар өндөртэй хүмүүст илүү ихээр шилжүүлдэг. Прогрессив татварын эсрэг ойлголт бол регрессив татвар юм. Жишээлбэл, борлуулалтын татвар (sales tax) нь регрессив шинжтэй байдаг, учир нь бага орлоготой хүмүүс өндөр орлоготой хүмүүсийнхтэй харьцуулахад орлогынхоо илүү өндөр хувийг зарцуулдаг (жишээ нь: хүнс, өргөн хэрэглээний бараа гэх мэтэд орлогынх нь хэмжээ харгалзахгүй ижил татвар ноогддог тул, баян хүн их орлоготой ч хүнсэнд зарцуулах хэмжээ нь ядуу хүнтэй төдийлөн ялгарахгүй байдаг). Энэхүү нэр томьёо нь ихэвчлэн хувь хүний орлогын татвартай холбогдуулан хэрэглэгддэг. Үүнд, бага орлоготой хүмүүс орлогынхоо бага хувийг, өндөр орлоготой хүмүүс илүү хувийг татварт төлдөг. Прогрессив шинжийг татварын суурийг өөрчлөх замаар ч бий болгож болдог. Үүнд: татварын чөлөөлөлт, татварын хөнгөлөлт, сонгомол татвар зэрэг нь хамаарна. Жишээлбэл, баялгийн татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар, тансаг хэрэглээний бараанд борлуулалтын татвар ногдуулах, эсвэл үндсэн хэрэглээний бараанд татварын чөлөөлөлт үзүүлэх нь прогрессив нөлөөтэй гэж тооцогдож болно. Энэ нь өндөр орлоготой айл өрхийн татварын ачааллыг нэмэгдүүлж, бага орлоготой өрхийн ачааллыг багасгадаг. Прогрессив татварыг ихэвчлэн орлогын тэгш бус байдлаас үүдэлтэй нийгмийн асуудлуудыг бууруулах зорилгоор санал болгодог. Энэ тогтолцоо нь орлогын тэгш бус байдлыг бууруулдаг. Гэхдээ эдийн засгийн үр нөлөө болон урт хугацааны үр дагаврын талаар эдийн засагчид санал зөрөлддөг. Нэгэн судалгаагаар, прогрессив татвар нь хүмүүсийн амьдралдаа сэтгэл ханамжтай байх түвшинтэй эерэг хамааралтай гэж гарсан бол, нийт татварын хэмжээ болон төрийн зарцуулалтын хэмжээ нь тийм нөлөө үзүүлдэггүй гэжээ.