Jump to content

Прэахвихеа сүм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Преахвихеа сүм (кхмер: ប្រាសាទព្រះវិហារ [pra: sa: t preəh viʔhiə]) Камбож, Тайландын хоорондын хилийн маргаантай бүс нутагт орших Шива бурханд зориулсан Кхмерийн эзэнт гүрний үеийн сүмийн цогцолбор юм. Тус сүмийн цогцолборыг 2008 оны 7-р сарын 7-нд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авчээ. 2011 оны 2-р сарын 6-нд Камбож, Тайландын хооронд болсон хилийн мөргөлдөөний үеэр Тайландын арми их буугаар буудах үеэр сүм эвдэрч гэмтсэн байна.

Преахвихеа сүмийг 893 онд Кхмерийн эзэнт улсын эзэн хаан I Яшоварман (кхмер. យឝោវម៌្មទី១) эхлүүлж, Шива Шихарешвара ("Оройн дээд бурхан") сүмийг барьсан. Кхмерийн эзэнт гүрний 12-р зууны үеийн эзэн хаан II Сурьяварман болон түүний шашны зөвлөгч Дивакарапандита нар сүмийн хуучин барилгуудыг сэргээн засварлаж, шинэ барилгууд нэмж барьжээ.

1904 онд Франц улс Тайландын хаанаас олон зууны турш эзлэгдсэн Камбожийн гурван аймгийг, тэр дундаа Кхмерийн эзэнт гүрний агуу байдлын бэлгэдэл болсон мужуудын нэг болох Ангкор Ватыг буцааж өгөхийг хүсчээ.

1907 онд мужуудыг тухайн үед Францын Энэтхэг-хятадын колоничлолын эзэмшилд байсан Камбожид буцааж өгсөн байна.

Дэлхийн 2-р дайны үед Тайланд нацист Герман, милитарист Японы талд холбоотон байсан. Японы засгийн газар Тайландын хаанд Францын Энэтхэг-Хятадын газар нутгийн маргаантай үед бүх талын туслалцаа үзүүлнэ гэж амласан байна. Удалгүй 1940-41 оны Франц-Тайландын дайн эхлээд тун удалгүй дууссан - Францын Энэтхэг-хятадын колоничлолын засгийн газар өөрсдийн авралын төлөө Францын Виши дэглэмийн талд орж, үнэн хэрэгтээ Япон, Тайландын холбоотон болжээ.

1953 оны 11-р сарын 9-нд Камбожийн Вант Улс Францаас тусгаар тогтнолоо олж авч, олон зуун жил үргэлжилсэн нутаг дэвсгэрийн зөрчилдөөн шинэ хэлбэрт оржээ.

1954 онд Тайландын арми сүмийн нутаг дэвсгэрийг эзэлсэн боловч 1959 онд Олон улсын шүүхийн шийдвэрээр 1907 оны хилийн зурвас хүртэл цэргээ татахаас өөр аргагүй болжээ. Хариуд нь Тайландын эрх баригчид хилийн заагийг тогтоохоос татгалзаж, шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Тухайн үед Камбожийн дурсгалт газруудын гол хамгаалагч нь дэлхийд нэр алдартай эрдэмтэн Анри Маршаль байв. Олон улсын шүүх шийдвэр гаргахдаа голчлон түүний саналд тулгуурласан байна.

1975 онд Пол Пот тэргүүтэй "Улаан кхмерууд" нийслэл Пномпень хотыг эзэлж, Америкийг дэмжигч Бүгд Найрамдах Кхмер улсын засгийн газрыг хөөн зайлуулжээ. Хуучин дэглэмийн хамгаалагчид Преахвихеа сүмийг оролцуулаад Тайландын хил рүү ухарчээ. Улаан кхмерууд эцэст нь уул руу давшдан эзлэхэд Бүгд Найрамдах Кхмерийн талынхан тус сүмийг орхиж, Тайландын эрх баригчдад бууж өгчээ. Дараа нь кхмерүүд сүмийн сийлсэн хананы хэлтэрхийнүүлийг Тайландад зарж, цаашаа Тайландаас дэлхий даяар тарахсан гэдэг.

1978-1979 оны дайн Пномпеньд Улаан кхмерүүдийн үйл ажиллагааг зогсоосон боловч Преахвихеа сүмийн бүс нутгийг вьетнамчууд эзлэн авч чадахгүй бөгөөд 1990-ээд оны дунд үе хүртэл энэ бүс нутаг Улаан кхмеруудын партизануудын хяналтад байсан.

Энэхүү түүхэн сүм нь хойноос-өмнөд зүгт чиглэсэн тэнхлэгийн байрлалтай юм.

788 метрийн урт өгсөх зам нь шатаар болон жагсаалын гудамжаар (Меру уулын эх загвар) хоорондоо холбогдсон таван хэсэгтэй.

Нэгэн цагт арслангийн барималаар хамгаалж байсан 76.8 метр урттай эхний шат нь чулуугаар сийлсэн 162 шатнаас бүрдэж, нагасаар хүрээлэгдсэн 30 метр өргөн тавцан руу хөтөлдөг.

Тав дахь хэсэг буюу загалмай хэлбэртэй бүтэц нь загварчлагдсан бадамлянхуа нахиа хэлбэртэй жаран таван баганын хоёр эгнээний хооронд 267 метр урт хоёр дахь зам руу хөтөлдөг. Зам нь шат руу, дөрөв дэх хэсэг руу хүргэдэг байна.

35 баганаар хүрээлэгдсэн 150 метрийн урттай өөр нэг зам нь цогцолборын гурав дахь, хамгийн том хэсэг руу хүргэдэг. Энэ нь тэгш өнцөгт хэлбэртэй хоёр барилгаар хүрээлэгдсэн байдаг. Эдгээр барилгуудад галерей, уртасгасан танхимууд багтдаг тул тэднийг ордон гэж нэрлэдэг. Тэдний нүүр хэсэг нь нэг төрлийн далавч болж, 99 метрийн урттай гайхалтай нүүр хэсгийг бүрдүүлдэг ажээ.

Холбоотой өгүүлэг

[засварлах | кодоор засварлах]