Пунсалмаагийн Очирбат
Пунсалмаагийн Очирбат | |
Бүрэн эрхийн хугацаа: | 1992 оны 9 сарын 3 – 1997 оны 6 сарын 20 |
---|---|
Төрийн тэргүүн: | 1993 оны 3 дугаар сараас 1997 оны 6 дугаар сар |
Төрсөн: | 1942 оны 1 сарын 23 Завхан, БНМАУ |
Улс төрийн нам: | Монгол Ардын Хувьсгалт Нам (1990), Монголын Ардчилсан Нам (1993) |
Төгссөн сургууль: | Ленинград хотын Уул уурхайн дээд сургууль |
Пунсалмаагийн Очирбат (1942 оны 1-р сарын 23-нд буюу Морин жилийн өвлийн адаг сарын шинийн наймны өдөр Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газар төрсөн- 2025 оны 1-р сарын 17-нд Улаабаатар хотод нас барсан) -Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын анхны Ерөнхийлөгч юм.
Ерөнхийлөгчөөр ажиллаж байх 1992-1997 оны хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрийг цөмийн зэвсгээс ангид бүс болгох тухай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 47 дугаар чуулганд (1992 он) зарлан мэдэгдсэнийг баталгаажуулж, энэ саналыг цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн гүрнүүд дэмжиж, манай статусыг хүндэтгэхээ албан ёсоор илэрхийлсэн нь Монгол Улсын хувьд аюулгүй байдлаа улс төрийн аргаар бататгах чухал алхам болсон.[1]
Ажил мэргэжил, боловсрол
[засварлах | кодоор засварлах]П.Очирбат 1942 оны 1-р сарын 23-нд Завхан аймгийн Түдэвтэй сумын Бунхантын хэмээх газрын өвөлжөөнд төрсөн. 1951-1960 онд Улаанбаатар хотын VIII, арван жилийн XIV дунд сургуульд суралцан, 1960-1965 онд ЗХУ-ын Ленинград хотын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Техникийн ухааны дэд эрдэмтэн, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор.
П.Очирбат нь 1965-1967 онд Аж үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1967-1972 онд Шарын голын уурхайд ерөнхий инженер, 1972-1976 онд Түлш, эрчим хүчний үйлдвэр, геологийн яамны орлогч сайд, 1976-1985 онд Түлш, эрчим хүчний яамны сайд, 1985-1987 онд Гадаадтай эдийн засгийн талаар харилцах Улсын хорооны дарга, 1987-1990 онд Эдийн засгийн гадаад харилцаа, хангамжийн яамны сайдын албыг хашсан байна.
1990 оны 3-р сарын 21-нээс 1990 оны 9-р сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга.
1990 оны 9-р сарын 3-наас 1992 оны 2-р сарын хүртэлх хугацаанд БНМАУ-ын Ерөнхийлөгч, Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хуулийн 2-р зүйлд заасны дагуу 1992 оны 2-р сарын 12-ноос 1993 онд Монгол Улсын Ерөнхийлөгч байсан.
1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж 1997 оны 6 дугаар сар хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, 1997 оны 8 дугаар сараас "Очирбат" сангийн удирдах зөвлөлийн дарга, 2000 оноос Монгол Улсын ШУТИС-ийн "Экологи-тогтвортой хөгжлийн төв"-ийн захирлаар ажиллаж байв.
П.Очирбат 2005 оны 9-р сарын 28-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдон ажиллаж байсан. ШУА-ийн гишүүн, Академийн тэргүүлэгч гишүүний үүрэг хүлээдэг, дээрээс нь 2010 оноос уул уурхайн компани болох “Энержи ресурс”-ийн Удирдах зөвлөлийн гишүүний /1 жилд 24 мянган ам.доллар авдаг/ үүргийг давхар гүйцэтгэдэг байв.
Баримтууд
[засварлах | кодоор засварлах]- Монгол Улсын анхны ерөнхийлөгч. П.Очирбат 1961-1965 онд Ленинградын Уул уурхайн дээд сургуулийг уул уурхай ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Төгсөөд тун удалгүй Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллаж, уурхайн амьдралыг арван хуруу шигээ мэддэг болж авъяаслаг зохион байгуулагч болохоо харуулжээ. Орлогч сайдаар ажилласан жилүүддээ Эрдэнэтийн зэс молибдений орд газрыг эзэмших техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд гар бие оролцож, зохион байгуулан, Төвийн бүсийн нүүрсний хэрэгцээг хангах, Налайх, Шарын голын уурхайнуудыг өргөтгөх, Бага нуурын нүүрсний уурхайг байгуулах, орон нутагт нүүрсний уурхай нээх ажлыг зохион байгуулалцсан байна.
- Түлш, эрчим хүчний яамны сайдаар ажиллахдаа Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам дэд станцын барилга байгуулалтын хамт иж бүрэн барих, Улаанбаатар III цахилгаан станцын өргөтгөлийг дуусгах, IV цахилгаан станцын зураг төслийг боловсруулж батлах, барьж эхлэх, Улаанбаатар хотын дулаан хангамжийн схемийг хийж батлуулах, дулаан шугам сүлжээг хөгжүүлэх шинээр барих, ЗХУ-ын эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллагаанд орох зэрэг асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсан ажээ.
- Тэрбээр Гадаад эдийн засгийн харилцааг удирдсан үедээ улс орнуудтай хамтын ажиллагааны үр ашгийн коэфицентыг нэмэгдүүлж, ЗХУ болон социалист бусад орнуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, Монгол Улсын Эдийн засгийг гадаад олон улсын байгууллага, өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудтай холбох боломжийг судалж хэрэгжүүлэх, гадаад эдийн засгийн харилцааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх талаар томоохон алхам хийжээ.
- Монгол Улсын хөгжлийн шинэ сонголтын үед АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон хүчин зүтгэхдээ Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг (1992) боловсруулан батлуулах, уг хуулийн дагуу бүх ард түмнээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч болж, тус улсад эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засагт шилжих, гадаад бодлогыг нээлттэй болгох талаар их зүйл хийсэн билээ. Тэр бээр “Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлал” боловсруулж, богино хугацааны дотор АНУ-ын хоёр Ерөнхийлөгчтэй гурван ч удаа уулзаж, Монгол, Америкийн харилцааны зарчмыг дэлхий нийтэд зарлан, ОХУ, БНХАУ-тай найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Тэрбээр техникийн ухааны доктор (Sc.D), профессор, академич хүн. 2005 оноос 2015 он хүртэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хоёр удаа томилогдон ажилласан байна.
Шагнал, эрдмийн зэрэг цол
[засварлах | кодоор засварлах]Пунсалмаагийн Очирбат нь 2005 оны 7 дугаар сарын 11-нд Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одонг хүртсэн анхны төрийн зүтгэлтэн болсон.[2] Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгч гишүүн, академич цол хэргэмтэй.[3]
Тэрээр ЗСБНХУ-ын хүндэт уурхайчин, Зөвлөлтийн “Уурхайчны алдар” I,II,III зэргийн одон, Эрчим хүчний хүндэт тэмдэг, Унгар Улсын хөдөлмөрийн гавъяаны одон, БНСУ-ын “Мү Гүн Хва” одон, АНУ-ын сайн дурынхны нийгэмлэгийн “Эрх чөлөөний бамбар” одон болон бусад шагналыг хүртжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбатад “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд Монгол Улсын Төрийн шагнал/Соёрхол/ 2022 оны 7-р сард хүртээв.
Туурвисан ном, бүтээл
[засварлах | кодоор засварлах]Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич, Экологийн аюулгүй байдлын олон улсын академийн жинхэнэ гишүүн, Дэлхийн Уул уурхайн шинжлэх ухааны академийн тэргүүлэгч гишүүн, профессор П.Очирбат нь Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдалд үнэлэлт өгч, хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлсон: “Монгол Улсын эрдэс баялгийн хөгжлийн стратеги ба экологи”, “Үнэт эрдсийн цогцолборын хөгжлийн стратеги”, “Нүүрсний аж үйлдвэрийн хөгжлийн стратеги ба экологи”, “Ашигт малтмалын баяжуулалтын технологийн үндэс, уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” 7 боть, “Уул уурхайн эдийн засаг, бизнес, менежмент” 4 боть, “Оюу толгой: Эрт, эдүгээ, ирээдүй”, “Таван толгой: Өчигдөр, өнөөдөр, маргааш” зэрэг геологи, уул уурхайн мэргэжлийн асуудал дэвшүүлж, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон бие даасан болон хамтын томоохон бүтээлүүд, “Монгол Улсын Үндсэн хууль, хэрэгжилт, хяналт, судалгаа”, “Монголын Ардчиллын хөгжил”, “Тэнгэрийн цаг” зэрэг нийгэм-улстөрийн судалгаа, эрдэм шинжилгээний олон арван ном, товхимол, өгүүлэл, нийтлэл бичиж, уншигч түмний хүртээл болгожээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Эхнэр Шаравын Цэвэлмаа, охин Элчин дипломат цолтой Очирбатын Очирмаа, охин Очирбатын Оюумаа.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]Өмнөх байхгүй |
Монгол Улсын Ерөнхийлөгч 1990 оны 3 сарын 21 - 1997 оны 6 сарын 20 |
Дараах Нацагийн Багабанди |
- Монгол Улсын Ерөнхийлөгч
- БНМАУ-ын сайд
- АИХ-ын тэргүүлэгчдийн дарга
- Монголын сайд
- Монгол Улсын Их Хурлын гишүүн
- Монголын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн
- Монголын Ардчилсан Намын гишүүн
- Монгол Ардын Намын гишүүн
- Уул уурхайн инженер
- Чингис хаан одон шагналтан
- Санкт-Петербургийн Уул Уурхайн Улсын Их Сургуулийн төгсөгч
- Түдэвтэйн хүн
- Монголчууд
- 1942 онд төрсөн
- 2025 онд өнгөрсөн