Пётр Гаврилов
Пётр Михайлович Гаврилов (1900-1979) нь Зөвлөлтийн армийн хошууч цолтой, Брестийн цайзын хамгаалалтын тулалдааны үед Дорнод бэхлэлтийг хамгаалан тулалдаж баатарлаг гавьяа байгуулсан хүн. Татар үндэстэн. ЗХУ-ын баатар цолтон.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Бага нас ба Иргэний дайн
[засварлах | кодоор засварлах]Пётр Михайлович Гаврилов 1900 оны 6 дугаар сарын 17-ны өдөр (шинэ тооллоор 1900 оны 6 дугаар сарын 30), Оросын Эзэнт гүрний Казань мужийн Лайшевский дүүргийн Алвидино тосгонд төрсөн. Татар үндэстэн. Зөвлөлтийн Ажилчин тариачны Улаан армийн офицер, хошууч. Тэрээр баптисм хүртсэн татаруудаас гаралтай. Эцэг нь түүнийг төрөхөөс өмнө нас барсан (1 настай байхад нь гэх таамаг бий). Пётр Гаврилов Казань хотын Төв баптисм хүртсэн Татарын сургуулийг төгсөөд 15 настайдаа үйлдвэрт ажилчнаар оржээ. Казань хотод Зөвлөлт засгийн эрхийг тогтооход идэвхтэй оролцсон байна. 1918 оны хавар Улаан армид сайн дураар элсэж, Зүүн фронтод адмирал Александр Васильевич Колчакийн цэргүүдийн эсрэг, дараа нь Хойд Кавказ дахь Деникиний цэргүүд болон босогчдын эсрэг тулалдаж байв. Иргэний дайн дууссаны дараа цэргийн албанд улирч үлджээ. 1922 онд Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намд элсэв. 1925 оны 9 дүгээр сард Владикавказын явган цэргийн сургуулийг, 1939 онд Фрунзийн нэрэмжит цэргийн академийг төгссөн. Тэр гэрлэж, эхнэртэйгээ ярилцаад нэгэн өнчин хүү өргөж авчээ. Удалгүй хошууч цолтойгоор 42 дугаар дивизийн 44 дүгээр явган цэргийн ангийн захирагчаар томилогдов.
Дэлхийн хоёрдугаар дайнд
[засварлах | кодоор засварлах]1939-1940 оны Зөвлөлт-Финландын дайнд оролцсон ба дайны төгсгөлд түүний ангийг Баруун Беларусь руу шилжүүлж, 1941 оны 5 дугаар сараас Брест цайзад байрлажээ. Германчууд Брестийн цайз руу довтлоход Пётр Гаврилов өөрийн ангийн 1 дүгээр батальоны хэсэг дайчдыг, мөн 333, 125 дугаар ангийн сарниж бутарсан ангиудыг удирдаж, Кобрины бэхлэлтийн хойд хаалган дээр тулалдаж байсан. Дараа нь Зүүн цайзын гарнизоныг удирдаж байгаад 1941 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн Кобрины бэхлэлтэд хамгаалалтын бүх цэргүүд төвлөрсөн юм. Хошууч П.М.Гавриловын хамгаалалтын анги нийт 2 зенитийн буу, хэд хэдэн 45 мм-ийн их буу, 4 хошуутай зенитийн пулемёт, 400 орчим хүнтэй байв. 1941 оны 6 дугаар сарын 29-ний орой Зүүн цайзыг бөмбөгдсөний дараа (1.8 тонн жинтэй бөмбөгний нэг нь цайзын дотор унаж, хамгаалагчдын зэвсгийн агуулахыг дэлбэлсэн байж магадгүй) тэрээр бүлгийнхээ үлдсэн 4 пулемёттой 12 цэргийн хамт тарж бутрах хүртлээ хэдэн өдрийн турш дайралт хийсэн байдаг. Гэвч ганцаараа үлдэж, хүнд шархадсан хошууч П.М.Гаврилов 1941 оны 7 дугаар сарын 23-ны өдөр баригджээ. Түүнийг эмчилсэн тайлбарт: “... баривчлагдсан хошууч бүрэн командын дүрэмт хувцастай байсан ч бүх хувцас нь ноорхой болж, нүүр нь дарь, тортог, тоос шороонд дарагдаж, сахал нь ургасан, шархадсан, ухаангүй, туйлын ядарсан харагдаж байв. Турж эцэн арьсаар бүрхэгдсэн араг яс болсон. Баригдахаасаа өмнө гар буугаар хэд хэдэн нацистыг устгаж шархдуулсан" гэжээ. Тэрээр 1945 оны 5 дугаар сар хүртэл Хаммелбург, Равенсбрюкийн хуаранд хоригдсон юм.
Дайны дараа
[засварлах | кодоор засварлах]Германы олзноос суллагдсаны дараа түүнийг Алс Дорнод дахь шүүхийн хуаранд аваачив. Хошуучийг 1946 оны 6 дугаар сар гэхэд шалгаж дууссан. Шалгалтын явцад нацистуудтай хамтран ажилласан, сайн дураар бууж өгсөн гэх баримт нотлогдоогүй. Гэсэн ч түүнийг Бүх Холбоотны Коммунист Намаас хөөж, цэргийн цол, шагналыг нь хураажээ. Хошууч П.М.Гаврилов жил орчим байцаагдсаны эцэст суллагдан төрөлх тосгондоо ирэхэд оршин суугчид нь ихэд болгоомжлон угтсан гэдэг. Олзонд байсан учир түүнийг фермд ажилд аваагүй. Энэ талаар Пётр Михайлович Гаврилов дурсахдаа “тосгоныхон намайг урвагч шиг харж, араас төмс шидэж байсан” хэмээжээ. Тэр ажил хайн бүсийн төв рүү явж, ваарны үйлдвэрт ажилд орсон. Жилийн дараа тэрээр Краснодар руу явав. Хотын Славянскийн бичил дүүргийн оршин суугчдын гэрчилснээр тэр алт, мөнгөний дархнаар ажиллаж, мөн айлуудын ухсан жорлонгийн нүхийг цэвэрлэдэг байсан. Дараа нь хошууч хотын шинэ найзуудаараа зуучлуулан Краснодарын багаж үйлдвэрлэлийн үйлдвэрт ажилд орсон байна. Пётр Михайлович Гаврилов Краснодар хотод гэр бүлээ алдсан, мөн адил хэцүү хувь тавилантай эмэгтэйтэй танилцан дахин гэр бүл зохиосон юм. Тэд Краснодар хотын захад Славянскийн бичил хорооллын 1 дүгээр эгнээний гудамжинд, хагас шороон чулуун байшинд ядуувтар амьдардаг байв. Цэргээс халагдсан олон цэргүүд энэ хорооллын захад суурьшсан бөгөөд тэд хамтдаа бие биедээ туслахыг хичээж байсан гэдэг. Эдгээр цэргүүдийн ихэнх нь дайнд олзлогдогсод, хорих лагерийн хоригдлууд байжээ. Хошууч 2 дахь гэрлэлтээс хүүхэдтэй болоогүй ба тэр анхны эхнэр Екатерина Григорьевна болон өргөмөл хүүгээ нас барсан гэж боддог байв. 1950-иад оны эхээр зохиолч Сергей Смирнов зохиол бичих материал хайж байхдаа Брест цайзыг хамгаалсан цэргүүдийн талаар эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр хошууч Пётр Михайлович Гаврилов болон цайзыг хамгаалж байсан бусад цэргүүдийг олж уулзан тэдний эр зориг, баатарлаг гавьяаг олон нийтэд ил болгосон юм. 1955 онд "Брест цайзын баатруудын эрэлд" цуврал нэвтрүүлэг радиогоор цацагдсаны дараа зохиолч Сергей Смирнов 1957 онд цайзыг хамгаалагчдын гарнизоны эр зоригийг тухай "Брест цайз" номоо хэвлүүлжээ. Ингээд хошууч П.М.Гавриловын нэр төр сэргээгдэж, удалгүй цэргийн цолыг нь сэргээж, одон медалиудыг нь буцаан олгов. 1956 онд Брест хотод цайзыг хамгаалж байсан цэргүүдийг ёслол төгөлдөр цуглуулж, нутгийн оршин суугчдын нэг нь П.М.Гавриловын гэр бүлийн хувь заяаны талаар ярьсан аж. Анхны эхнэр, өргөмөл хүү нь амьд байсан бөгөөд тэд 1941 оны 7 дугаар сард дүрвэгсдийн хуаранд очсон. Хүү Коля нь хожим партизаны отрядад элсэн байна. 1952 онд анхны эхнэр Екатерина Гаврилова саажилттай болж, 1956 онд түүнийг Косовскийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжид аваачсан. Пётр Гаврилов анхны эхнэрээ Краснодар руу авч явсан боловч хэдхэн сар амьдарч, 1956 оны 12 дугаар сард нас барсан. Өргөмөл хүү Николай нь 1956 оны 12 дугаар сард цэргээс халагдаж нөөцөд шилжсэн бөгөөд хошууч хүүгээ дахин хэзээ ч хараагүй.аж. Зөвлөлт Холбоот Улсын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн 1957 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн зарлигаар Брест цайзыг хамгаалахад цэргийн үүргээ үлгэр жишээ биелүүлж, эр зориг, баатарлаг гавьяа байгуулсны төлөө хошууч Пётр Михайлович Гавриловыг Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол, Лениний одонгоор шагнасан юм. Хошууч П.М.Гаврилов алдар нэртэй болж, Зөвлөлтийн нутгаар эх оронч үзлийг сурталчлан хэд хэдэн удаа аялжээ. Хошуучид Краснодар хотод 3 өрөө шинэ байр олгосон байдаг. Тэрээр 1968 оноос амьдралынхаа эцэс хүртэл Краснодар хотод Светлая гудамжны 103 дугаар байранд (1980 онд Гаврилова гэж нэрлэгдсэн) амьдарч байжээ. 1971 онд тэр Брестийн “баатар-цайз” дурсгалын цогцолборын нээлтийн ёслолд оролцсон. Хошууч Пётр Михайлович Гаврилов 1979 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Краснодар хотод нас барсан бөгөөд түүний гэрээслэлийн дагуу Брестийн гарнизоны дурсгалын оршуулгын газарт зэвсэг нэгт нөхдийнх нь дэргэд оршуулжээ.