Jump to content

Пётр Кафаров

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Пётр Кафаров буюу Палладий лам (энгийн ард нэр нь:- орос. Пётр Ива́нович Кафа́ров; 1817 оны 9-р сарын 28-нд Казань мужийн Старошешминск тосгонд төрж, 1878 оны 12-р сарын 18-нд Марсель хотод нас барсан) — Оросын Үнэн алдартны сүмийн зүтгэлтэн. Бээжин дэх Оросын шашны төлөөлөгчийн газрын 1840—1849 онуудад гишүүн, 1849—1859 болон 1865—1878 онуудад төлөөлөгч. Оросын хятад судлал үндэслэгчдийн нэг. Хятад хэлний кирилл үсгийн транскрипцийн системийг түгээн дэлгэрүүлсэн хятад-орос толь бичгийг бүтээгч.

Пётр Кафаров 1817 онд Хаант Оросын Казань мужийн Старошешминск тосгоны лам Иван Григорьевич Кафаровын 9 хүүхдийн зургаа дахь нь болж төржээ.

Тэрээр бага боловсролоо нутагтаа шашны сургуульд сурч 1832 онд төгссөн байна. Улмаар Казанийн шашны семинарт, дараа нь 1837 оны 8-р сард Санкт-Петербургийн шашны академид элсэн боловсролоо үргэлжлүүлжээ.

Шашны академийн бүрэн курсээ дүүргээгүй 1839 оны 8-р сарын 2-нд тэрээр лам болж Палладий нэр авч Бээжин дэх Оросын шашны 12-р төлөөлөгчийн номлолын бүрэлдэхүүнд оржээ. Номлолын бусад гишүүдийн хамт тэрээр Санкт-Петербургт хамба лам Бичурин (Иакинф) болон Шинжлэх ухааны академийн сурвалжлагч гишүүн Степан Липовцов нараар хятад, манж хэлний үндсэн мэдлэгийг заалгасан байна.

Төлөөлөгчид 1840 оны 3-р сарын 3-нд Казань-Пермь-Екатеринбург чиглэлээр явсаар хил дээрх Хиагт худалдааны сууринд хүрчээ. 1840 оны 7-р сарын 21-нд шашны төлөөлөгчид Орос-Манжийн хилийг давж, Монголоор дамжин мөн оны 10-р сарын 4-нд Бээжин хотын захад хүрсэн байна.

12 дахь номлолын төлөөлөгчдийн үеэр Палладий Бээжин дэх Сретенскийн сүмийн үйл ажиллагааг хариуцаж байв. Энэ үеийн Кафаровын эрдэм шинжилгээний сонирхол нь Буддын шашин болон шашны түүхтэй холбоотой байжээ.

1846 оны 6-р сарын 24-нд 12 дахь номлолын тэргүүн Архимандрит Поликарп (Тугаринов)-ын зөвлөмжийн дагуу Палладийг дараагийн 13 дахь төлөөлөгчийн тэргүүний албан тушаалд бэлдэхээр Санкт-Петербург руу явжээ. Тэр жилдээ Палладийг 3-р зэргийн Гэгээн Анна одонгоор шагнасан байна. Кафаров Бээжингээс 1847 оны 4-р сарын 27-нд гарсан байна. Бээжингээс Хиагт руу аялах үеэрээ Палладий дэлгэрэнгүй тэмдэглэл хөтөлсөн бөгөөд түнийг нас барсаны дараа энэ тэмдэглэлийг Оросын Эзэн хааны газар зүйн нийгэмлэгийн Ерөнхий түүхийн тухай тэмдэглэлд нийтэлжээ.

1849 оны 9-р сарын 27-нд Палладийгаар удирдуулсан 13 дахь төлөөлөгчид Бээжинд очсон байна.

13 дахь төлөөлөгчийн газрын үеэр Палладий номын сан, ажиглалтын төв барих ажлыг зохион байгуулсан бөгөөд төлөөлөгчдийн гишүүдэд зориулсан хэл, шинжлэх ухааны судалгааг зохион байгуулах, дипломат үйл ажиллагаа явуулах (Лифанюанийн төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх, Чин гүрний дотоод байдлын талаар Гадаад хэргийн яам, Зүүн Сибирийн ерөнхий захирагч Н.Н.Муравёвт мэдэгдэх) зэрэг ажил гүйцэтгэж байжээ. Мөн энэ үеэр Кафаровын судалгааны сонирхолд түүхийн газар зүй, монгол судлал, хятадын исламын шашин зэрэг багтаж байсан бөгөөд Палладий Лифанюаны даалгавараар орос, франц, англи хэлнээс орчуулга удаа дараа гүйцэтгэж байжээ.

1859 оны 5-р сарын 25-нд тэрээр Бээжингээс Орос руу буцсан байна. Түүнийг Италийн Ром руу шашны төлөөлөгчөөр томилж 1860 оны 9-р сарын 7-нд Италид очсон бөгөөд Палладий тэндээ Хятад судлалын ажлаа үргэлжлүүлжээ.

1864 оны 7-р сарын 29-нд тэрээр Бээжин дэх 15 дахь төлөөлөгчийн газрын даргаар томилогдсон. Тэрээр 1864 оны 3-р сарын 21-нд албан тушаалаа гүйцэтгэхээр Бээжинд ирсэн. Энэ үеэр тэрээр төлөөлөгчийн газрын хойд хэсэгт амьдарч байжээ (өмнөд хэсгийг Оросын дипломат төлөөлөгчийн газарт шилжүүлсэн). Энэ томилолтын хугацаанд Палладий барууны тэргүүлэх хятад судлаачид болох Томас Вэйд, Самуэль Уильямс, Жозеф Эдкинс, Мартин Парсонс, Александр Вайли нартай танилцжээ. Тэрээр гадаадын номлогчид болон Япон дахь Оросын сүмийн төлөөлөгчийн газрын дарга Архимандрит Николай (Касаткин) нартай холбоо тогтоож байжээ.

1871 оны намраас эхлэн тэрээр хятад-орос толь бичиг бэлтгэх ажилтай завгүй байсан ч дуусгаж чадаагүй юм.

1870-71 оны экспедицээс буцаж ирснийхээ дараа радикулит өвчнөөр шаналж байсан Палладий аажмаар зүрхний ноцтой асуудалтай болж эхэлсэн. Эмч нарын зөвлөснөөр нэг жилийн чөлөө авах зөвшөөрөл авсны дараа Кафаров 1878 оны 10-р сарын 2-нд Бээжингээс гарч, Европоор дамжин Орос руу далайгаар аялжээ. Тэрээр 12-р сарын 6-нд Марсель хотод зүрхний шигдээсээр нас баржээ.