Пётр Никифоров

Пётр Никифоров (орос. Пётр Миха́йлович Ники́форов, хуучин орос. Петръ Михайловичъ Никифоровъ, 1882 оны 10-р сарын 12-нд Оросын Эрхүү мужийн Оёк тосгонд төрж, 1974 оны 1-р сарын 6-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) — Оросын Алс Дорнод дахь хувьсгалт хөдөлгөөний оролцогч, Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн байв. 1921-1922 онд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Сайд нарын Зөвлөлийн гурав дахь дарга, 1925-1927 онд ЗХУ-аас Монгол дахь Бүрэн эрхт төлөөлөгч байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]1882 онд Оросын Эрхүү мужийн тосгонд алт хайгуулч ажилчин эцэг, тариачин эх нарын гэр бүлд төрсөн. Тэрээр ах эгч хоёртой байсан бөгөөд 13 настайгаасаа эхлэн дэлгүүрт ажиллаж байгаад 16 настайгаасаа Эрхүү хотод телеграфад ажилчин, дараа нь цахилгаанчнаар ажиллаж байжээ.
1901 оноос буюу 19 настайгаасаа хувьсгалт хөдөлгөөнд оролцож эхэлсэн. 1904 оноос хойш Оросын Ажилчны Социал-Демократ нам (орос. РСДРП)-д элсэж тэр жилдээ Тэнгисийн цэрэгт татагдаж Санкт-Петербургийн большевик цэргийн байгууллагад ажиллаж байжээ. 1905 онд Кронштадт дахь далайчид, цэргүүдийн бослогод оролцож, дараа нь нэрээ сольж нууц далд ажилд орж, Тифлис, Баку, Эрхүү зэрэг олон хотуудад ажилласан байна. 1908 онд тэрээр Эрхүү дэх Оросын Ажилчны Социал-Демократ намын цэргийн байгууллагын удирдагчдын нэг байв.
1910 онд Пётр Никифоров шуудангийн газрыг дээрэмдсэн хэргээр баривчлагдаж, Эрхүүгийн Александровын Төв шоронд хэдэн сар хоригджээ. Улмаар цаазаар авах ял сонссон боловч дараа нь 20 жилийн цөллөгт явуулах ялаар солигджээ.
1917 оны Оросын Хоёрдугаар сарын хувьсгалын дараа тэрээр суллагдаж Эрхүүгийн зөвлөлийн гишүүн, Владивостокийн зөвлөлийн орлогч дарга, Алс Дорнодын бүсийн Оросын Ажилчны Социал-Демократ намын товчооны гишүүн болсон. 1918 оны 6-р сараас 1920 оны 1-р сар хүртэл цагаантнуудын шоронд хоригджээ.
1920-1922 онд Алс Дорнодын бүсийн хорооны дарга, Оросын (б) Коммунист намын Төв Хорооны Алс Дорнодын товчооны гишүүн, Борис Шумяцкийн дараа Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Сайд нарын Зөвлөлийн дарга байсан. 1922 оны 10-р сарын 2-нд Алс Дорнодын Бүгд Найрамдах Улсын Засгийн газрын шийдвэрээр Сайд нарын Зөвлөлийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн.
1925-1927 онд ЗСБНХУ-ын БНМАУ дахь Бүрэн эрхт төлөөлөгч байсан.
1927-1928 онд ЗХУ-ын Ардын Комиссаруудын Зөвлөлд, дараа нь Зөвлөлт Оросын Хангамжийн ардын комиссариатын орлогчоор ажиллаж байсан.
1928-1929 онд Наримановын нэрэмжит Дорно дахины дээд сургуулийн ректор.
1941-1945 оны Зөвлөлтийн Аугаа эх орны дайны үеэр намын ажилд оролцож байсан.
Удаан хугацааны турш түүний үйл ажиллагааны тухай чимээгүй байсан бөгөөд тэр өөрөө тэтгэвэрт гараад энгийн - төмөрчин, мужаан, зуслангийн байшиндаа ногоо тарьдаг байгаад 1972 онд 90 насныхаа ойгоор "Октябрийн хувьсгалын одон"-гоор шагнуулаад 1974 онд нас баржээ.