Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйл

Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйл (Аналистические жанры радиожурналистики. Analytical genres of Radio-journalism). Радио сэтгүүл зүйд тогтмол хэвлэлийн нэгэн адил сонгож авсан сэдвийг задлан шинжилж, мөн чанар, шалтгаан, үр дагаварыг дэлгэн үзүүлэх зорилго бүхий хэсэг төрөл, зүйл байдаг бөгөөд үүнийг радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйлүүд гэж нэрлэдэг.

Үүрэг, зорилго[засварлах | кодоор засварлах]

Шинжлэлт бичлэгийн төрлүүд мэдээлэх үүргийг задлан шинжлэх зорилготой хосолж, баримтад дүн шинжилгээ хийж, тайлбарлан, үнэлэлт дүгнэлт өгч, сонсогчдын санаа бодол, мэдрэмжид шууд хандсан байдгаараа онцлогтой. Радио сэтгүүл зүйн шинжлэлт бичлэгийн төрөл, зүйлүүдийн дотор радио тайлбар, радио яриа чухал байр эзэлдэг.

Радио тайлбар[засварлах | кодоор засварлах]

Үйл явдал, үзэгдэл, баримтын тухай мэргэшсэн хүн, сэтгүүлч эсвэл мэргэжилтнүүдийн санал бодлыг радиотайлбар гэж нэрлэнэ. Тайлбарын ярилцлагаас ялгагдах гол онцлог нь сэтгүүлч, эсвэл мэргэжилтэн тухайн үйл явдлын хамгийн чухал гэж үзсэн зүйлийн талаар санал бодлоо илэрхийлж, сонсогчдод зайлшгүй шаардлагатай гэсэн зүйлийн талаар мэдээлэл өгөхөд оршино. Нэвтрүүлэгт эзлэх байрын хувьд тайлбарыг бие даасан тайлбар, тодорхой нэг нэвтрүүлгийн зохиомжийн бүрэлдэхүүний үүргийг гүйцэтгэдэг товч тайлбар гэж ангилдаг.

Товч тайлбар[засварлах | кодоор засварлах]

Товч тайлбар нэлээд шуурхай байдаг бөгөөд үйл явдлын шалтгаан, үр дагавар, бусад үйл явдал, баримттай уялдаа холбоог тайлбарладаг онцлогтой юм. Тайлбарыг тусгаж буй сэдвийн шинж чанараас шалтгаалан шуурхай тайлбар, асуудал хөндсөн тайлбар гэж ангилдаг. Шуурхай тайлбар цаг үеийн чухал үйл явдалд үнэлэлт өгч, дүгнэлт хийдэг бол асуудал хөндсөн тайлбар тодорхой нэг асуудлыг харьцангуй өргөн хүрээнд авч үзээд баримтад гүнзгий дүн шинжилгээ хийж, түүний учир шалтгаан, үр дагаварыг гаргаж өгдөг.

Асуудал хөндсөн тайлбар[засварлах | кодоор засварлах]

Асуудал хөндсөн тайлбар мэдээллийн багтаамж, үндэслэл, нөлөөлөх, итгүүлэн үнэмшүүлэх чадвар сайтай, хэмжээний хувьд том байдгаараа онцлогтой. Тайлбарын бүтэц зохиомж нь гол төлөв сэдвийн учир шалтгаан, баримтад хийсэн дүн шинжилгээ, дүгнэлт гэсэн хэсэг, бүрэлдэхүүнээс бүрддэг. Тайлбар хэл найруулгын хувьд энгийн ярианы өнгө аясыг хадгалсан хүлээж авахад амар хялбар, хүртээмжтэй байдаг онцлогтой юм.

Радио яриа[засварлах | кодоор засварлах]

Радиогийн шинжлэлт бичлэгийн төрлүүдийн дотор нэлээд өргөн дэлгэрсэн төрөл зүйл бол радио яриа юм. Радио ярианы тайлбараас ялгагдах гол онцлог нь амьд яриа байдаг бөгөөд оролцогчидтой хийсэн сэтгүүлчийн яриагаар дамжуулж сонсогчдод мэдээлэл өгөхөд оршино. Радио ярианы онцлог шинж нь ярилцагчид нэг газарт бус орон зайгаар хязгаарлагдсан өөр өөр газарт байдаг, микрофоны дэргэд байрладаг зохиогч-сэтгүүлч харилцан яриа өрнүүлэх замаар сонсогчдод хандаж, энэхүү хоёр талын харилцааны идэвхтэй оролцогч нь болдог явдал юм. Зохиогчийн эх бичвэрт баригдахгүй чөлөөтэй, ургуулан бодсон яриа, сонсогчдод шууд хандсан байдал нь түүний оролцоо, идэвхтэй байр суурийг илэрхийлж, сонсогчдод хүчтэй нөлөөлж, ярианд татан оролцуулах боломжийг бүрдүүлдэг. Энэ шинжээрээ радио сурвалжлагатай нэлээд төстэй байдаг. Үүнд амьд яриа, ярианы сэтгэл хөдөлгөм өнгө аяс чухал үүрэг гүйцэтгэдэг.

Радио яриа гол төлөв цаг үеийн чухал асуудлыг хөндсөн, зохиомж агуулгын хувьд сонирхолтой, өвөрмөц эхлэлтэй байдаг. Радио яриа зөвхөн үйл явдал, эсвэл үзэгдлийн тухай мэдээлэл, үнэлэлт биш, зарим тохиолдолд цаг үеийн чухал асуудал, үйл явдалтай холбоотой шуурхай бэлтгэгддэг өвөрмөц төрөл зүйл юм. Сонсогчдын сонирхлыг татахад зохиогчийн ур чадвар, мэдлэг, бие хүн болох онцлог нь гол хүчин зүйл болдог. Радиоярианы өөр нэг онцлог шинж нь бусад томоохон нэвтрүүлгийн бүрэлдэхүүн, зохиомжийн хэсэг болдоггүй явдал юм.

Радио ярианы нэг хэлбэр бол “дугуй ширээний ярилцлага” бөгөөд асуудлыг олон талаас нь тунгаан хэлэлцэж, сонсогчдод дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үнэлэлт дүгнэлт хийдэг давуу талтай юм. Энэ бол бүрэн хэмжээний эх бичвэргүй амьд яриа мөн. “Дугуй ширээний ярилцлагын” нэг төрөл бол радио сонсогчдын захидалд хариулахад зориулсан яриа юм. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн хүн студид цугларч сонсогчдын асуултанд ээлжлэн хариулж, тайлбар өгч, ерөнхий дүгнэлт хийдэг гэсэн үг.