Jump to content

Ражендра Прасад

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ражендра Прасад, 1958 он

Ражендра Прасад (хинди. राजेन्द्र प्रसाद, 1884 оны 12-р сарын 3-нд Британийн Энэтхэгийн Зерадеи хотод төрж, 1963 оны 2-р сарын 28-нд Энэтхэгийн Патна хотод нас барсан) — Энэтхэгийн тусгаар тогтнолын төлөө тэмцэгч, улс төрч байсан бөгөөд 1950-1962 онд Энэтхэг улсын анхны Ерөнхийлөгч болсон хүн юм. Улс төр, эдийн засгийн сэдвээр хэд хэдэн ном бичсэн.

Ражендра Прасад 1884 оны 12-р сарын 3-нд орчин үеийн Бихар мужийн Зерадей хотод төрсөн. Тэр бичиг баримт эрхэлдэг байсан "Кайастха" кастаас гаралтай. Түүний эцэг санскрит болон перс хэлний эрдэмтэн байжээ.

1902 онд Прасад Калькуттагийн их сургуульд элсэн орж, 1915 онд хууль зүйн ухааны магистр цол хүртжээ. Дараа нь тэрээр янз бүрийн боловсролын байгууллагад багшаар ажилласан. Эдийн засгийн ухааны зэрэг хамгаалсны дараа тэрээр Лангат Сингх коллежид англи хэлний профессор, 1909 оноос Калькутта хотын Сити коллежид эдийн засгийн профессороор ажиллаж байв. Тэрээр Аллахабадын их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Тэрээр Бхагалпурт хуульчаар ажиллаж байнаад 1916 онд Бихар, Орисса мужийн Дээд шүүхэд ажилд орсон.

Тэрээр 1906 онд Калькутта хотод болсон Энэтхэгийн Үндэсний конгрессын арга хэмжээнд анх оролцож, 1911 онд гишүүнээр элссэн бөгөөд 1916 онд Лакхнау хотод болсон Энэтхэгийн Үндэсний конгрессын хуралдааны үеэр Мохандас Ганди, дараа нь Жавахарлал Неру нартай танилцсан байна. 1920 онд тэрээр үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд туслахын тулд хуульч мэргэжлээр ажиллаж, их сургуулийнхаа ажил үүргээ дуусгахаар шийджээ. Тэрээр сөрөг хүчний хэвлэлд нийтлэл бичиж, тусгаар тогтнолын үзэл санааг улс даяар идэвхтэй сурталчлан аялж байв.

1934 оны 10-р сард Бомбейд болсон Энэтхэгийн Үндэсний Конгресс (ЭҮК) намын чуулганаар ерөнхийлөгчөөр сонгогдов. Дараа нь тэр хэд хэдэн удаа богино хугацаагаар хоригдож байжээ. Тэрээр Бихар (1934), Кветта (1935) дахь газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд туслах хороодыг тэргүүлж байжээ. 1942 онд ЭҮК "Энэтхэгээс зайл!" тогтоолыг (англи. Quit India Resolution) баталсны дараа баривчлагдаж, 1945 оны 6-р сарын 15 хүртэл шоронд суусан байна.

1946 оны 9-р сарын 2-нд Энэтхэгийн түр засгийн газар буюу Энэтхэгийн дэд вангийн дэргэдэх Гүйцэтгэх зөвлөлийг байгуулсны дараа тэрээр Хүнс, хөдөө аж ахуйн яамыг тэргүүлсэн. Дараа нь тэрээр Энэтхэгийн Үндсэн Ассамблейн даргаар гурван удаа сонгогдсон бөгөөд 1950 оны 1-р сарын 26-нд Ассамблейгаас боловсруулсан Энэтхэгийн Үндсэн хууль хүчин төгөлдөр болсны дараа тус улсын анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Энэтхэгийн Үндэсний конгресс намыг орхисноор ерөнхийлөгч намаас хараат бус байдаг уламжлал өнөөг хүртэл үргэлжилж байна.

Прасад 1958-1960 оны хооронд Ерөнхийлөгчийн хувиар Япон, Цейлон, Зөвлөлт Холбоот Улс, Малайз, Индонез зэрэг улсад төрийн айлчлал хийсэн.

Тэрээр 1962 оны зун огцорч, хагас жилийн дараа нас баржээ.

Прасад үйл ажиллагааныхаа төлөө тэрээр Энэтхэгийн төрийн дээд шагнал Бхарат Ратна одонгоор шагнагджээ.