Редакторлах зүйн зарчим

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Редакторлах зүйн зарчим (Принципы редактирования. Principles of Editing). Редакторлах ажлын онол, практикаар шалгагдаж, бодит үр дүнгээ өгч буй зүй тогтлуудын төвлөрсөн илэрхийлэл, хянан найруулах үйл ажиллагаа явуулахад баримтлах арга зүйн үндэс мөн.

Зарчим[засварлах | edit source]

Редакторлах зүйн үйл ажиллагаа нь таван зарчмын хүрээнд явагдана. Үүнд:

  • Олон нийтэч
  • Ил тод
  • Шинжлэх ухаанч
  • Үнэн бодитой
  • Хүнлэг байх зарчмууд юм.

Олон нийтэч зарчим[засварлах | edit source]

Хамгийн гол зарчим нь олон нийтэч байх зарчим юм.

Утга зохиолын бүтээл нь хүмүүсийн аж амьдралын үнэн байдал, бүтээн байгуулах их үйлс, шударга зөв үзэл санаа, хүсэл эрмэлзлийг жигд тусгаж чадсанаар л жинхэнэ олон түмэнч байх бололцоотой билээ. Ийнхүү олон түмний санаа бодол, сонирхол таашаалд нийцүүлэх үйлсэд хувь нэмэр оруулдаг чанар нь редакторлах зүйг олон түмэнч болгодог” (63.48).

Ил тод зарчим[засварлах | edit source]

Редакторлах зүйн ил тод байх зарчмын мөн чанар нь улсын нууцаас бусад бүх мэдээлэл чөлөөтэй дамжих ёстой, ямар ч мэдээллийг редактор болон редакцийн газар албаны ба хувийн зорилгын үүднээс өөрчлөх, өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлж засах, зохиогчийн эрхэд бүдүүлгээр халдах ёсгүй гэдэгт оршино.

Шинжлэх ухаанч зарчим[засварлах | edit source]

Редактор ямар ч бүтээлийн шинжлэх ухааны үндэс нь зөв, оновчтой, ашигласан аливаа баримт сэлт, мэдээлэл нь үнэн бодитой байгаа эсэхэд өндөр төвшинд хяналт тавьж чаддаг боловсролтой шударга хүн байх шаардлагатай бөгөөд чухам энэ шинж чанар нь хянан найруулах ажлын үнэн бодитой байх, шинжлэх ухаанч байх зарчмыг баримтлахад нөлөөлдөг хүчин зүйл болдог.

Үнэн бодитой зарчим[засварлах | edit source]

Редактор тухайн бүтээлд дээрх шаардлагын үүднээс хандах нь сэтгүүл зүйн аливаа бүтээл нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөө үзүүлж, уншигчдыг төөрөгдүүлэх, буруу зөрүү ойлголт өгөхөөс хамгаалж, үүрэг зорилгоо оновчтой биелүүлэхэд туслах болно.

Хүнлэг энэрэнгүй зарчим[засварлах | edit source]

Хүнлэг энэрэнгүй байх зарчим нь зөвхөн редакторлах зүйн төдийгүй утга зохиол, сэтгүүл зүй, урлагийн бүтээлийн язгуур зарчим бөгөөд олон түмэнд зориулж буй аливаа бүтээлд хүнлэг энэрэнгүй үзлийн үүднээс хандаж, зохиогчийг хүндэтгэн үзэж, нэр төрийг нь хамгаалах, алдаа дутагдлыг нь арилгах, сайн сайхныг нь дэмжин дэлгэрүүлэхийн төлөө ажиллахад түүний мөн чанар нь оршино.

Редакторлах зүйн зарчмууд сэтгүүл зүйн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой байдаг нь үүнтэй холбоотой юм.