Рицүмэйкан Ази, Номхон далайн Их Сургууль
Рицүмэйкан Ази Номхон далайн их сургууль (Япон: 立命館アジア太平洋大学, Англи: Ritsumeikan Asia Pacific University, APU) нь Японы Оита мужийн Бэппү хотод байрладаг хувийн их сургууль юм. APU нь олон нийтийн болон хувийн хэвшлийн гурван талын хамтын ажиллагааны үр дүнд 2000 онд байгуулагдсан бөгөөд үүнд Оита муж, Бэппү хот, Рицүмэйкан сан оролцсон байна.
Тус их сургуульд ойролцоогоор 5,850 оюутан суралцдаг бөгөөд үүнээс 2,900 нь Японы, 2,900 нь 90 гаруй улс, бүс нутгаас ирсэн олон улсын оюутнууд байдаг. Мөн 172 үндсэн багшийн тэн хагас нь 30 гаруй улс, бүс нутгаас ирсэн гадаадын багш нар байдаг.
1990-ээд оны эхээр Оита мужийн захирагч Хирамацү Морихико Бэппү хотод олон улсын их сургууль байгуулах санааг анх гаргаж, Киотогийн Рицүмэйкан сангийн тухайн үеийн захирал Кавамототой ярилцсан байдаг. Энэхүү санааг дэмжиж, төлөвлөлтийг удирдсан гол хүн нь профессор Хотта Макитаро байжээ. Улмаар их сургууль 2000 оны 4-р сард Бэппү хотын хойд хэсэгт орших Жүмонжибарү хэмээх газар нээгдсэн.
APU нь англи, япон хэлний хос хэлний сургалтын тогтолцоог хэрэгжүүлдэг бөгөөд олон үндэстэн, хэл соёл хосолсон орчинтой. Эхний хоёр жилд оюутнууд үндсэн суралцах хэлийг (англи эсвэл япон) ашиглан суурь боловсрол эзэмшихийн зэрэгцээ нөгөө хэлийг давхар эзэмшихээр ажилладаг.