Jump to content

Ролан Гаррос

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ролан Гаррос, 1910 он.

Ролан Гаррос (франц. Eugène Adrien Roland Georges Garros; 1888 оны 10-р сарын 6-нд Францын Сен-Дени (Реюньон) хотод төрсөн— 1918 оны 10-р сарын 5-нд Вузье хотод нас барсан) — Францын нисгэгч, тамирчин, Дэлхийн нэгдүгээр дайнд оролцогч баатар бөгөөд анхны сөнөөгч онгоцны нисгэгч.

Тэрээр бага наснаасаа төгөлдөр хуур хөгжим тоглох дуртай байсан бөгөөд өсвөр насандаа Парис хотод очиж хөгжмийн боловсролоо үргэлжлүүлжээ. Ролан Парис хотын тэнгэрт анх удаа онгоц олж харсан цагаас хөгжим сонирхохоо больсон гэдэг. 1909 онд Гаррос нэрт нисгэгч Альберто Сантос-Дюмонтоор нисэхийг заалгасан байна. Жилийн дараа буюу 1910 оны 7-р сард тэрээр нисгэгчийн үнэмлэхээ авч, удалгүй Францын шилдэг нисгэгчдийн нэг болсон юм.

1911 онд Ролан Гаррос Парис-Мадрид, Парис-Лондон-Парис гэсэн агаарын нислэгийн уралдаанд оролцож, 2-р байр эзэлж байжээ.

1911 оны 9-р сард тэрээр 5610 м өндөрт гарч дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан түүхтэй.

1913 оны 9-р сарын 23-нд Ролан Гаррос Францын өмнөд хэсгийн эргээс Газар дундын тэнгис дээгүүр​​ Тунис руу анхны тасралтгүй нислэгээ хийснээр дэлхий даяар алдар нэрд хүрсэн. Тэрээр тус 730 км замыг 8 цагийн дотор туулсан байна.

Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд идэвхтэй оролцож дайсны олон онгоцыг сөнөөсөн бөгөөд 1915 онд тэрээр баривчлагдаж 3 жил цэргийн хоригдол болсон байна. Хэд хэдэн удаа оргохыг оролдсоор эцэст нь 1918 оны 2-р сард оргож эх орондоо ирээд цэргийн нисгэгчээр байлдсан юм.

Ролан Гаррос 1918 оны 10-р сард Вузье орчим байлдаж байгаад Германы нисгэгч нарт довтлуулж нас барсан юм.

Түүний дурсгалд зориулж Францын газрын теннисний нээлттэй аварга шалгаруулах тэмцээнийг түүний нэрээр нэрлэх болсон.