Ростислав хунтайж
Ростислав хунтайж (словак. Rastislav; эртний грек. Ῥασισθλάϐος, лат. Rastiz, 870 оноос хойш нас барсан) — Их Морави улсыг 846-870 онд удирдаж байсан Моймиров угсааны хунтайж. Түүний хаанчлалын үед Кирилл, Мефодий хоёр Их Морави улсад номлолын ажил хийж байжээ. 1994 онд Чехословакийн Үнэн алдартны сүм түүнийг гэгээнтэн гэж зарласан.
Ростислав бол Их Морави улсын анхны хан байсан I Моймировыг хамаатан байсан. 846 онд Зүүн Франкийн хаан Германы II Людовик түүнийг I Моймировын өв залгамжлагчаар хаан ширээнд суулгаж чадсан юм. Людовик Ростиславыг өөрийн вассал гэж үзэж, түүнийг Төв Европ дахь Зүүн Франкийн хаант улсын ашиг сонирхлыг төлөөлөх болно гэж үзэж байв. II Людовик өөрийн хамаатнуудынхаа эсрэг тэмцэлд санаа зовж байх хооронд Ростислав хаант улсаа тэлж, бэхжүүлж амжсан байна. Түүний санаачилгаар цайзууд барьж, Болгарын хаант улс, Византийн эзэнт гүрэнтэй холбоо тогтоожээ.
850 оноос эхлэн Ростислав Зүүн Франкийн хаант улстай ойр харилцаагаа таслаж, Германы II Людовикийн өрсөлдөгч сөрөг хүчнийхнийг орогнуулж байжээ. Тэдний дунд хааны өндөр албан тушаалтнууд, мөн түр хугацаагаар түүний хөвгүүд Карломан, III Людовик нар байв. Ростислав Баварийн тахилч нарыг Их Моравиас хөөж, Дунай ба Дие голын хоорондох газар нутгийг өөрийн улсад нэгтгэсэн байна.