Jump to content

Рудольф Абель

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Рудольф Абель (жинхэнэ нэр Уильям Генрихович Фишер, 1903 оны 7-р сарын 11-нд Их Британий Ньюкасл-апон Тайн-нд төрсөн -1971 оны 11-р сарын 15-нд ЗХУ-ын Москва хотод нас барсан) -Зөвлөлтийн далд тагнуулын ажилтан, хурандаа цолтой байсан. 1948 оноос АНУ-д ажиллаж байгаад 1957 онд баривчлагджээ. 1962 оны 2-р сарын 10-нд Рудольф Абелийг ЗСБНХУ-ын нутаг дэвсгэр дээгүүр нисч байгаад онгоц нь пуужингаар буудуулж унасан Америкийн тагнуулын онгоцны нисгэгч Фрэнсис Пауэрс, 1961 оны 8-р сард Зүүн Берлинд тагнуул хийсэн хэргээр баривчлагдсан Америкийн эдийн засгийн ангийн оюутан Фредерик Прайор нараар сольсон байна.

1903 оны 7-р сарын 11-нд Их Британийн Ньюкасл-апон Тайн хотод төрсөн. Тэрээр 1901 онд хувьсгалын үйл ажиллагааны улмаас Оросоос хөөгдсөн марксист улс төрийн цагаачдын гэр бүлийн хоёр дахь хүүхэд байв. Түүний эцэг Генрих Матвеевич Фишер нь Ярославль мужийн уугуул, герман үндэстний гэр бүлээс гаралтай, хувьсгалт хөдөлгөөний идэвхтэй оролцогч, В.И.Ленин, Г.М.Кржижановский нартай олон удаа уулзаж байсан, герман, англи хэлээр чөлөөтэй ярьдаг байжээ. Түүний эх Любовь Васильевна Саратовын уугуул, хувьсгалт хөдөлгөөнд оролцож, эх баригч мэргэжилтэй байсан.

Р.Абель дунд сургуулиа төгсөөд Лондонгийн их сургуульд орсон боловч тэдний гэр бүл 1920 онд Зөвлөлт орос руу нүүж иржээ. Тэрээр эхлээд уран зургийн сургуульд орсон боловч орхиод 1924 онд дорно судлалын сургуульд элсэн орсон бөгөөд жилийн дараа цэрэгт татагдсан байна.

1927 онд зөвлөлтийн тагнуулын албанд ороод 1930 онд Английн ЭСЯ-нд хандаж буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж Ботаний паспорт аваад Англи руу нууц ажилтнаар явжээ. 1934 онд буцаж Зөвлөлтөд ирээд ажиллаж байжээ.

1941 оноос хойш тэрээр Зөвлөлтийн Дотоод яаманд, Германы ар талд партизаны дайн зохион байгуулах ангид буцаж ирэв. Фишер Германд эзлэгдсэн орнуудад илгээсэн партизаны анги, тагнуулын бүлгүүдэд радио операторуудыг сургасан. Энэ хугацаанд тэрээр Рудольф Абелтай ажиллаж, нөхөрлөж, түүний нэр, намтрыг хожим нь ашигласан байна.

Дайны дараа түүнийг АНУ-д нуц ажилтнаар ажиллуулах, ялангуяа цөмийн байгууламжид ажиллаж байгаа эх сурвалжаас мэдээлэл авахаар явуулахаар болсон байна. Тэрээр 1948 оны 11-р сард Литва гаралтай АНУ-ын иргэн Эндрю Кажотисийн нэр дээрх паспорт ашиглан АНУ руу явжээ. Очоод тэрээр зураач Эмил Роберт Голдфусс нэртэй Нью-Йоркт суурьшиж, Зөвлөлтийн тагнуулын сүлжээг удирдаж, халхавчаар Бруклинд гэрэл зургийн студи эзэмшиж байжээ. Коэн гэр бүлийн хосыг "Марк" (В.Фишерийн нууц нэр)-ийн холбогч нараар томилсон байна.

1957 онд түүнийг өөрийнх нь нууц ажилтан АНУ-ын Холбооны мөрдөх товчоонд баривчлуулжээ. Тэр жилдээ түүнд 32 жилийн хорих ял оноох Шүүхийн шийдвэр гарсны дараа "Марк" Нью-Йорк дахь урьдчилан хорих төвд ганцаарчлан хоригдож, улмаар Атланта дахь холбооны засан хүмүүжүүлэх хорих анги руу шилжүүлсэн байна. Шоронд байхдаа тэрээр математикийн бодлого, урлагийн онол, уран зургийн чиглэлээр бие дааж суралцаж байжээ.

Түүнийг ЗХУ-ын тал 1962 оны 2-р сарын 10-нд Америкийн тагнуулын онгоцны нисгэгч Фрэнсис Пауэрсээр сольж авчээ. Уильям Генрихович Фишер 1971 оны 11-р сарын 15-нд 69 насандаа уушигны хорт хавдраар Москвад нас баржээ.