Jump to content

Руслан Цаликов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Руслан Ца́ликов (орос. Русла́н Хаджисме́лович Ца́ликов, 1956 оны 7-р сарын 31-нд ЗХУ-ын Умард-Осетийн Автономит Бүгд Найрамдах улсын Орджикинидзе буюу өнөөгийн Владикавказ хотод төрсөн) — Оросын төрийн зүтгнэлтэн. 2015 оны 12-р сарын 24-нөөс 2024 оны 6-р сарын 17-ны хооронд ОХУ-ын Батлан ​​хамгаалахын яамны сайдын нэгдүгээр орлогч сайд. 2024 оны 9-р сарын 26-наас ОХУ-ын "Нэгдсэн орос" намаас Бүгд Найрамдах Тува улсын Дээд Хурлын гишүүнээр сонгогдсон. ОХУ-ын 1-р зэргийн Төрийн жинхэнэ зөвлөх цолтой.

Руслан Цаликов 1973-1978 онд тэрээр К.Л.Хетагуровын нэрэмжит Умард Осетийн Улсын Их Сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцсан. Төгссөнийхөө дараа 1978-1983 онд Плехановын нэрэмжит Москвагийн Ардын аж ахуйн Дээд Сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 1983-1987 онд Умард Осетийн Улсын Их Сургуулийн Хөдөлмөрийн Эдийн Засгийн тэнхимийн туслах, ахлах багш, Эдийн засгийн факультетийн орлогч деканаар ажиллаж байжээ. 1987-1989 онд "Казбек" тавилгын үйлдвэрийн холбоонд (Орджоникидзе) эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар ажилласан.

1989 оноос хойш төрийн албанд ажиллаж 1989-1990 онд ЗХУ-ын Умард Осетийн Автономит улсын Сангийн яамны Аудитын газрын ерөнхий хянагч, аудитороор (Орджоникидзе) ажиллаж байгаад 1990-1994 онд Умард Осетийн Сангийн сайдаар ажилласан байна.

1994 онд тэрээр Оросын Онцгой байдлын яамны албанд шилжсэн. 1994-2000 онд тэрээр Оросын Онцгой байдлын яамны Санхүү, эдийн засгийн ерөнхий газрын дарга, дараа нь Санхүү, эдийн засгийн үйл ажиллагааны газрын даргаар ажиллаж байжээ. 1994 оны 11-р сарын 26-нд тэрээр Оросын Онцгой байдлын яамны Удирдах Зөвлөлийн гишүүн болсон. 2000-2012 онд тэрээр ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдлын яамны Байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга байсан.

Тэрээр 2012 оны 11-р сарын 15-наас хойш - ОХУ-ын Батлан ​​​​хамгаалахын орлогч сайдаар ажиллаж байв. Цэргийн байр, орон сууц, барилга байгууламж, их засвар, өмчийн менежмент, шүүх, хууль эрх зүйн ажил, санхүүгийн хяналт, эмнэлгийн дэмжлэг, мэдээллийн бодлого, хууль сахиулах байгууллагатай харилцах асуудлыг хариуцдаг дэд сайд байв. 2015 оноос ОХУ-ын Батлан ​​​​хамгаалахын нэгдүгээр орлогч сайдаар дэвшин томилогдсон.

2024 оны 6-р сарын 17-нд түүнийг ОХУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч албан тушаалаас чөлөөлөв.

2026 оны 3-р сарын 5-нд ОХУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайдын нэгдүгээр орлогч асан Руслан Цаликовыг гэмт хэргийн байгууллага байгуулах, хээл хахууль өгөх, хөрөнгө шамшигдуулах, мөнгө угаахтай холбоотой хэрэгт холбогдуулан баривчилжээ.

Руслан Цаликовын гэр бүл 4.3 тэрбум рублийн үнэ бүхий өмчтэй. Цаликов өөрөө Рублевкагийн Раздоры тосгонд 3.5 тэрбум рублийн үнэ бүхий байшинтай газар эзэмшдэг.

Түүний дотны найз Оросын Батлан хамгаалахын сайд асан Сергей Шойгу огцрохоос өмнөхөн мөн түүний орлогч Тимур Ивановыг баривчилж, удалгүй Дмитрий Булгаков, Павел Попов нарыг мөн баривчилж байжээ. Шойгу сайд Руслан Цаликовыг хэргээс мулталахыг оролдож Умард Осетийн уугуул иргэнийг өөрийн төрөлх Тува руугаа илгээж Дээд Хурлын (парламент) депутатаар сонгуулсан бөгөөд дараа нь төлөвлөсний дагуу тус бүс нутгийг төлөөлөх Холбооны Зөвлөлийн гишүүн болох ёстой байсан нь бүтээгүй ажээ.