Савва Мамонтов
Савва Мамонтов (орос. Са́вва Ива́нович Ма́монтов 1841 оны 10-р сарын 14-нд Оросын хаант улсын Сибирь дэх Ялуторовск хотод төрж, 1918 оны 4-р сарын 6-нд Москва хотын ойролцоох Абрамцевод нас барсан) — Оросын ажил хэрэгч хүн, буяны өглөгч. Худалдаачин Мамонтовын удмын төлөөлөгч.

1869 онд эцэг Иван Федорович Мамонтовоос өөрт хамаарах төмөр замын компанийн хувьцааг өвлөн авснаар тэрээр төмөр замын барилгын ажилд идэвхтэй оролцож эхэлсэн. Савва Мамонтовын бизнес эрхлэх үйл ажиллагааны оргил үе нь 19-р зууны сүүлийн 10 жилд Хойд төмөр замын төслийг хэрэгжүүлж эхлэхэд хүрчээ. 1897 онд Москва-Архангельск замыг барьж дуусгасан.
Савва Мамонтов Оросын урлагийн түүхэнд зураач, жүжигчдийн ивээн тэтгэгч гэдгээр алдартай ажээ. Тэрээр алдарт Валентин Серов, Константин Коровин, Виктор Васнецов болон бусад зураачдад өөрийгөө нээхэд нь ихээхэн тусалсан байна.