Самдангийн Сэнгээ

Самдангийн Сэнгээ нь 1924 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Энх тайван” нэгдлийн 1-р бригадын нутаг болох Дулаан уул хэмээх газар малчин ард Самдангийн 1-р хүү болон  төрсөн. Таван наснаасаа эхлэн үндэсний гар урлалыг дүрслэх санаа төрж сурч эхлээд, найман настай байхдаа таван хошуу мал, ан амьтан, уул ус байгалийн гоёмсог сайхныг дүрслэх болсон юм. Түүнээс хойш эцэг, эх, дүү нарынхаа амьдралд туслахын тулд айлын мал маллах, элдүүр элдэх, янз бүрийн амьтны дүрс, бурханы өмнө чимэг болгон тавих зүйлүүд, морины хусуур, “Хорол” тоглоомуудыг гоёмсгоор дүрслэн сийлбэрлэж тав арван төгрөг буюу цай даалимба, гурил будаа, ишиг хурганаас өгч бага ч гэсэн тус нэмэр болж байжээ.  

1944 онд Ардын хувьсгалт цэргийн албанд нас бие тэнцэн явж Монголын зүүн урд хязгаар Байшинтын 6-р морьт дивизийн 20-р тусгай хороонд байлдагч, жагсаалын даргын үүрэг гүйцэтгэж, 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Хятадын Жика хот хүртэл Зөвлөлтийн улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж байжээ.1949 оны 9-р сарын 20- нд цэргээс халагдталаа гар урлал сийлбэрээ хийсээр байлаа.

Цэргээс халагдан орон нутагтаа ирээд Хужирт сумын Эвлэлийн үүрийн, хоршооны, сумын захиргааны орлогч даргын үүрэгт ажлуудыг тасралтгүй хийж байгаад, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, МАХН-ын Төв хорооны 310 тоот шийдвэрээр Гар үйлдвэрийн дээд зөвлөлийн харъяа Урчуудын артельд 1954 оны 10-р сарын 20-ноос эхлэн уран сийлбэрчнээр ажиллах болсон.

1972 оны 4-р сарын 4-нд Хоршооллын зохион байгуулалтын өөрчлөлтөөр Ой модны аж үйлдвэрийн Яамны харъяа мебелийн үйлдвэрт шилжин 1978 оны эцэс хүртэл ажилласан юм.

1953 онд Санжаа овогтой Аривжихтай гэр бүл болон амьдарч 10 хүүхэд төрүүлж өсгөжээ.

1945 оны 10 сараас 1975 он хүртэл улсад тасралтгүй 30 жил ажиллахдаа 3000 гаруй нэр төрлийн уран бүтээл  хийснээс 210 орчим нь жинхэнэ нэр бүхий том хэмжээний уран бүтээл болж өөрийн болон гадаад орнуудын музей, үзэсгэлэн, галерейн үнэт үзмэр болон тавигджээ. Мөн үйлдвэрийн болон хүүхдийн тоглоом 100 гаруй нэр төрөл, сийлбэрийн эх загвар 1000 гаруйг хийж бүтээсэн байна. Энэ урлаж хийсэн бүтээлүүдээс нь 50 гаруй үзэсгэлэнд тавигдаж олон түмнээс өндөр үнэлэлт авч байлаа. Мөн өөрийн болон гадаад орны уран бүтээлийн уралдаанд оролцож удаа дараа тэргүүн байруудад шалгарч байсан.

Төв хороо, Засгийн газрын шийдвэрээр нам төрийн удирдлагууд гадаадад айлчлах болон гадаадын нам төрийн удирдлагууд айлчлан ирэх үед бэлэг дурсгал болгон захиалгаар хийлгэсэн уран бүтээлүүд нь дэлхийн 70 гаруй оронд эх орныхоо нэрийг гарган хадгалагдаж байдаг.

Уран бүтээлээ туурвиж бүтээхийн хажуугаар нам улс, олон нийтийн ажилд идэвхитэй оролцож Сум, хороо, районы депутатаар 5 удаа, Монголын урчуудын эвлэл, Үйлдвэр хоршоолол, хот, районы их бага хурлуудад 25 удаа, МАХН-ын 16-р их хуралд төлөөлөгчөөр тус тус сонгогдож байжээ. Социалист хөдөлмөрийн бригад, сэхээтний социалист нөхөрлөлийн 1, 2-р зөвлөлгөөнд оролцсоноос гадна социалист хөдөлмөрийн бригадын ахлагчаар 10 жил ажилласан бөгөөд 200 шахам бригадад өөрийн бригадын туршлагыг нэвтрүүлж, цол мандатыг нь авахуулсан байна.

Түүний хийж бүтээсэн ажлын амжилтуудыг нам засаг өндрөөр үнэлж төрийн дээд шагнал одон медалиудаар 6 удаа, БНМАУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн алдар цол, 5-р таван жилийн гавшгайч, социалист уралдаанд түрүүлэгч тэмдгээр 2 удаа бусад баярын бичиг, үнэмлэх, дипломоор 100 гаруй удаа сайшаан шагнагдаж байжээ.

С.Сэнгээгийн дотоод гадаадын сургууль курст суралцаж байгаагүй бөгөөд яс модон сийлбэрийн мэргэжилтэй, ажлын 7-р зэргийн сийлбэрчин байсан юм.

Нэр бүхий зарим бүтээлүүдээс нь дурьдвал:

  • “Баян байгаль” модон сийлбэр
  • “Бөхийж үзээгүй далбаа” зааны соёон сийлбэр
  • “Миний Улаанбаатар” зааны соёон сийлбэр
  • “Есөн давхар шаарик” ясан сийлбэр  / дэлхийд 2-рт ордог /
  • “Халх гол”
  • “Монгол-Зөвлөлтийн найрамдал” соёон сийлбэр
  • “Октябрийн хувьсгалын 45 жил”
  • “Октябрын хувьсгалын 50 жил”
  • “Лениний 100 жил”  / Ленинградад /
  • “Найрамдал” 3 давхар ясан сийлбэр  / Москвад /
  • “Зөвлөлт төрийн бэхжилт” модон сийлбэр
  • “Цэцгийн цомирлог” ясан сийлбэр  / Куба улсад /
  • “Шунхлай”
  • “Хүрэн морь” цуврал модон сийлбэр
  • “Ясан хөөрөг”
  • “Орсон буур” модон сийлбэр
  • “Нийгмийн хонгор” модон сийлбэр
  • “Одоо үе ба ирээдүй” 332 ан амьтны дүрсийг багтаасан соёон сийлбэр
  • “Янгир аргалын дүүлэлт” ясан сийлбэр
  • “Хөдөө аж ахуйн өөрчлөлт”
  • “Эвтэй дөрвөн амьтан”  ясан сийлбэр   / Энэтхэгт /
  • “Эвтэй дөрвөн амьтан” модон сийлбэр
  • “Хэрэмний амьдрал”   / Олон улсын уралдаанд 1-р байр /
  • “Монгол-Хятадын найрамдал”
  • “Тээврийн хөгжмл соёон сийлбэр
  • “Өндөр ургац” ясан сийлбэр
  • “Алдарт барилгачин” ясан сийлбэр
  • “Азарганы ноцолдоон” ясан сийлбэр
  • “Аврора” ясан сийлбэр
  • “Ленинизмийн тугийн дор”
  • “Шүдэнзний хайрцагт багтдаг шатар”  / Болгарт /
  • “Шатар” / Чита хотод /