Санал асуулга

Санал асуулга (Опрос общественного мнения. Opinion poll). Энэ нэр томъёог сэтгүүл зүйн практикт үндсэн гурван утгаар хэрэглэдэг. Үүнд: 1. Сэтгүүл зүйн ямар нэгэн асуудал, үзэгдэл, үйл явцын талаарх олон нийтийн санаа бодлыг мэдэх, түүний үр дүнг нэгтгэн дүгнэх замаар дүгнэлт гаргах, зөвлөмж боловсруулах зорилготой сэтгүүл зүйн социологийн нэг арга юм. 2. Шилдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийн бүтээлийг шалгаруулах, сурталчлах, мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа мөн. 3. ОНМХ-ийн газруудаас нийтлэл, нэвтрүүлгийн чанарыг сайжруулах, бодлогыг боловсронгуй болгох, алдаа дутагдлыг засаж залруулах, хүлээн авагчдын мэдээллийн эрэлт хэрэгцээг тодорхойлох зорилгоор явуулдаг мэдээлэл цуглуулах шинжтэй үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Өндөр хөгжилтэй орнуудын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын дэргэд судалгааны хэлтэс, албад ажилладаг бөгөөд тэд долоо хоног, сар, улирал тутам захиалагч, хүлээн авагчдын дунд санал асуулга явуулж ХМХ-ийн нэр хүнд (рейтинг), эрэлт хэрэгцээ, өрсөлдөх чадвар зэргийг тогтоодог.