Сандагийн Мэндээ
Жүжигчин Сандагийн Мэндээ 1916 онд Ховд аймгийн Буянт суманд төржээ.
Төрийн соёрхолт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа, Сампилын Норовсамбуу, Сандагийн Мэндээ нар М.А.Х.Цэргийн 6 дугаар морьт дивизийн 17 дугаар морьт хорооны нэгдсэн хѳгжмийн салаанд бүрээчин байж тэдний үлээсэн түргэн жагсаалын бүрээн дуугаар Тамсаг булагаас энэ дивизийг Халх гол руу маршлуулсан юм.[1]
1939 оны Халх голд Тамсагийн 6 дугаар дивизид алба хаан эрэлхэг тулалдсан тул Цусан гавьяаны одонгоор шагнагдаж мөн Чөлөөлөх дайнд оролцсон дайчин эр байжээ.[1]
1954 онд БНМАУ-ын Гавьяат жүжигчин гэдэг эрхэм алдрыг хүртсэн билээ. 1968 онд найруулагч Б.Жамсран "Нийслэл хүү" киног хийхдээ Ховдын театраас гавьяат жүжигчин С.Мэндээ гэдэг хүнийг урьж авч ирээд Даншийн дүрд тоглуулжээ.[2]
"Нийслэл хүү" киноны хөгжмийг түүний нэг хорооны найз УГЗ, Төрийн шагналт Г.Бирваа гуай бичсэн байдаг. Ийнхүү сэтгэлд хоногшсон энэ киног Халх голын ахмад дайчид бүтээлцсэн түүхтэй.[2]
Мэндээ гуай хожим нь Д.Жигжид гуайн найруулсан "Баянбулагийнхан" киноны буриад өвгөн Мөнхөөгийн дүрийг бүтээсэн юм.[2]
1972 онд Төрийн шагналт, Ардын Зураач, УГЗ зураач Гэлэгийн Одон "Цаст Алтайн дуулал" гэдэг сүрлэг суурь уран зургийнхаа Өвгөн туульчийн дүрийг С.Мэндээ жүжигчнээс эх дүр авсан байдаг ажээ.[2]
Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор Буянт сумын Соёлын төв нь МУГЖ С.Мэндээгийн нэрэмжит болсон билээ.[1]