Сансрын нисэгч
Сансрын нисэгч гэдэг нь сансрын нислэгийн үеэр сансрын технологийг туршиж, ажиллуулдаг хүн юм.

Сансрын нислэгийн тухай ойлголт улс орон бүрт харилцан адилгүй байдаг. Олон улсын нисэхийн холбооны (франц. Fédération Aéronautique Internationale, FAI) ангиллын дагуу 100 км-ээс дээш нислэгийг сансрын нислэгт тооцдог. АНУ-ын Агаарын цэргийн хүчний ангиллаар сансрын нислэгийг 50 миль (80 км 467 м) давсан нислэгийг сансрын нислэг гэж тодорхойлдог. Орос улсад сансрын нислэгийг тойрог замын нислэг гэж нэрлэдэг бөгөөд аппарат нь дэлхийн эргэн тойронд дор хаяж нэг бүтэн эргэлт хийх ёстой юм. Ийм учраас сансрын нисэгчдийн нийт тоо янз бүрийн эх сурвалжид өөр өөр байдаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
- 1961 оны 4-р сарын 12-нд Юрий Гагарин (ЗХУ) Восток сансрын хөлгөөр сансарт ниссэн түүхэн дэх анхны сансрын нисэгч болжээ.
- 1961 оны 5-р сарын 5 -нд Алан Шепард "Меркури-3" сансрын хөлгөөр тойрог замд нислэг үйлдэж, Америкийн анхны сансрын нисгэгч болсон.
- 1961 оны 8-р сарын 6-нд 25 настай Герман Титов (ЗХУ) "Восток-2" сансрын хөлгөөр ниссэн хамгийн залуу сансрын нисэгч болжээ. Энэ сансрын нислэг анх удаа 1 өдөр гаруй үргэлжилсэн юм. Сансрын нисэгч анх удаа таталцлын хүчгүй орчинд унтаж үзжээ.
- 1962 оны 2-р сарын 20-нд Жон Гленн "Меркури-6" сансрын хөлгөөр ниссэн Олон улсын нисэхийн холбооны ангиллаар АНУ-ын анхны сансрын нисгэгч болжээ.
- 1963 оны 6-р сарын 16-нд Валентина Терешкова (ЗХУ) "Восток-6" хөлгөөр сансарт ниссэн анхны эмэгтэй болов.
- 1965 оны 3-р сарын 18-нд Алексей Леонов "Восход-2" хөлөг онгоцноос задгай сансарт гарсан анхны хүн болсон.
- 1968 оны 12-р сарын 24-нд "Аполло-8" хөлгийн багийн гишүүд болох Фрэнк Борман, Уильям Андерс, Жеймс Ловелл нар Сарыг тойрон ниссэн анхны хүмүүс болсон.
- 1969 оны 7-р сарын 20-нд "Аполло-11" хөлгийн багийн гишүүд болох Нил Армстронг, Эдвин Олдрин нар Сарны гадаргуу дээр газардсан анхны хүмүүс болжээ.
- 1970 оны 4-р сарын 14 - Дэлхийгээс хүн төрөлхтний туулсан хамгийн хол буюу 401,056 км зайд аялсан "Аполло-13" хөлгийн багийнхан байсан.
- 1978 оны 3-р сарын 2-нд Чехословакийн Владимир Ремек ЗСБНХУ, АНУ-ын иргэн биш анхны сансрын нисгэгч болжээ. Тэрээр Зөвлөлтийн "Союз 28" хөлгөөр сансарт ниссэн байна.
- 1980 оны 7-р сарын 23-нд Вьетнамын иргэн Фам Туан Азийн анхны сансрын нисэгч болсон. Тэрээр "Союз-37" хөлгөөр сансарт ниссэн байна.
- 1980 оны 9-р сарын 18-нд Латин Америкийн анхны сансрын нисгэгч нь Кубын Арналдо Тамайо Мендес байсан бөгөөд тэрээр "Союз-38" хөлгөөр сансарт ниссэн юм.
- 1981 оны 3-р сарын 22-нд Монголын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Союз-39" хөлөг онгоцоор сансарт нисэв.
- 1983 оны 8-р сарын 30-нд Гион Блуфорд анхны Африк-Америкийн сансрын нисгэгч болов. Блюфорд Челленджер сансрын хөлгөөр сансарт ниссэн.
- 1984 оны 7-р сарын 25-нд Светлана Савицкая задгай сансарт гарсан анхны эмэгтэй хүн болжээ. Салют-7 станц дээр ажиллах зорилгоор Союз Т-12 сансрын хөлгөөс гарсан.
- 1985 оны 10-р сарын 30-нд Сансрын хөлгийн хамгийн том баг нь 8 хүний бүрэлдэхүүнтэй баг байв. Багийнхан Челленджер сансрын STS-61-A хөлөгөөр ниссэн. 2002 оны 4-р сард АНУ-ын 9 иргэн нэгэн зэрэг Сансрын станц дээр очжээ.
- 1990 оны 12-р сарын 2-нд Японы TBS-ийн сэтгүүлч Акияма Тоёохиро анхны төрийн бус сансрын нисгэгч, анхны цалинтай сансрын жуулчин, сансарт ниссэн анхны япон хүн болжээ. Акияма “Союз ТМ-11” хөлгөөр “Мир” станц руу нисч, “Союз ТМ-10” хөлгөөр дэлхийд буцаж ирэв. Токиогийн телевизийн TBS компани нислэгийн зардалд 28 сая доллар төлсөн байна.
- 2003 оны 10-р сарын 15-нд Ян Ливэй Хятадын анхны сансрын нисэгч болов. Хятад улс анх удаа өөрийн иргэнээ өөрийн "Шенжоу-5" сансрын хөлөг болон өөрийн пуужингаа хөөргөсөн нь сансрын гурав дахь гүрэн болсон юм.
Олон улсын сансар
[засварлах | кодоор засварлах]1970-аад оны сүүл хүртэл ЗСБНХУ, АНУ хоёр л сансрын нисэгчтэй байсан. 1976 онд ЗХУ-д Интеркосмос хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд түүний хүрээнд социалист орнуудын 6 сансрын нисэгчээс бүрдсэн сургалт явуулж эхэлсэн; 1978 онд түүнд хоёр дахь бүлэг нэмэгдсэн. Үүнтэй зэрэгцэн Eвропын Сансрын Агентлаг (англи. European Space Agency, ESA; франц. Agence spatiale européenne, ASE; герман. Europäische Weltraumorganisation) дөрвөн хүнийг Сансрын хөлгөөр сансрын лабораторийн анхны нислэгийн бэлтгэлийг эхлүүлэхээр сонгосон. 1980 онд Франц бие даан сансрын нисгэчээ сонгон шалгаруулж эхэлсэн бол 1982 онд Герман, 1983 онд Канад, 1985 онд Япон, 1988 онд Итали улсууд сансрын нисэгчдээ сонгон шалгаруулж эхэлжээ. Хожим нь янз бүрийн орны сансрын нисэгчид Сансрын хөлөг болон Союз хөлгүүдийн олон улсын нислэгт нэлээд тогтмол оролцдог болсон. 1988 онд ESA нь үндэсний сансрын нисгэгчдийн корпусыг түшиглэн Европын нэгдсэн сансрын нисгэгчдийн корпусыг байгуулжээ.