Сарын тэмдгийн аяга
Сарын тэмдгийн аяга нь сарын тэмдгийн үед үтрээнд хийж хэрэглэдэг сарын тэмдгийн эрүүл ахуйн хэрэгсэл юм. Үүний зорилго нь сарын тэмдгийн шингэн (бусад шингэнтэй холилдсон умайн салст бүрхэвчээс цус) цуглуулах явдал юм. Сарын тэмдгийн аяга нь эластомер ( силикон резин, латекс резин эсвэл термопластик резин ) -ээр хийгдсэн байдаг. Зөв тохирсон сарын тэмдгийн аяга нь үтрээний хананд наалддаг тул найдвартай. Шингэнийг өөртөө шингээдэг тампон, хэрэглэлээс ялгаатай нь ус үл нэвтрэх бөгөөд сарын тэмдгийн шингэнийг цуглуулдаг.
Сарын тэмдгийн аяга нь хоёр төрөлтэй. Хуучин төрөл нь хонх хэлбэртэй, иштэй, хана нь 2 мм-ээс их зузаантай байдаг. Хоёр дахь төрөл нь нимгэн ирмэгтэй, уян хатан ханатай байдаг. Хонх хэлбэртэй аяга нь умайн хүзүүн дээр байрладаг. Бөгж хэлбэртэй аяга нь жирэмслэхээс хамгаалах диафрагмтай ижил байрлалд сууна. Сарын тэмдгийн аяга нь жирэмслэлтээс хамгаалах зориулалттай биш.
4-12 цаг тутамд (шингэний хэмжээнээс хамаарч) аяганд цугласан шингэнийг асгана (зайлж цэвэрлэн дахин оруулна). Сарын тэмдэг бүрийн дараа аягаа цэвэрлэх шаардлагатай. Нэг аяга нь 10 жил хүртэл дахин ашиглагдах боломжтой тул урт хугацааны өртөг нь нэг удаагийн тампон, хэрэглэлээс бага боловч үнэ нь өндөр байдаг. Сарын тэмдгийн аяга нь дахин ашиглах боломжтой тул тампон, хэрэглэлтэй харьцуулахад бага хэмжээний хатуу хог хаягдал үүсгэдэг. Хэрэглэгчид 2 дах удаагаа сарын тэмдгийн аяга худалдан авахдаа өмнөх туршлагад үндэслэн өөрт төгс тохирсныг олдог.
Сарын тэмдгийн аяга ашигласнаар тампон хэрэглэлтэй харьцуулахад урсах, гоожих асуудал маш бага байдаг. Сарын тэмдгийн аягатай үед санаа зоволгүй унтах, усанд сэлэх, гимнастик хийх, гүйх, дугуй унах эсвэл морь унах, жин өргөх, хүнд дасгал хийх боломжтой. Өөрт тохирохгүй размерийн аяга авах эсвэл буруу хийснээр сарын тэмдгийн шингэн хальж урсдаг. Ихэнх хэрэглэгчид эхлээд сарын тэмдгийн аягыг оруулах, авахад хэцүү, эвгүй, бүр өвдөлттэй байдаг. Энэ нь ерөнхийдөө хэрэглэснээс хойш 3-4 сарын дотор сайжирдаг. Сарын тэмдгийн аяга нь бусад сарын тэмдгийн бүтээгдэхүүнтэй харьцуулахад илүү аюулгүй хувилбар юм; Хорт шокын хам шинжийн халдварын эрсдэл нь сарын тэмдгийн аяга хэрэглэгчдийн хувьд харьцангуй бага байдаг.