Jump to content

Сергей Довлатов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сергей Довла́тов (орос. Серге́й Дона́тович Довла́тов, бүтэн овог нь Довла́тов-Ме́чик, төрөхдөө Ме́чик; 1941 оны 9-р сарын 3-нд ЗХУ-ын Башкирын Уфа хотод төрсөн — 1990 оны 8-р сарын 24-нд АНУ-ын Нью-Йорк хотод нас барсан) — оросын зохиолч, сэтгүүлч, зөвлөлт засгийн тэрс үзэлтэн.

Тэрээр 1941 оны 9-р сарын 3-нд ЗХУ-ын Башкирын Автономит Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Улсын нийслэл Уфа хотод театрын найруулагч Донат Исаакович Мечик (1909–1995) болон жүжигчин Нора Сергеевна Довлатова (Довлатян, 1908–1999) нарын гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх, эмээ нар 1941 оны 7-р сард дайны улмаас Ленинградаас Уфа руу нүүлгэн шилжүүлэгдээд 1944 онд буцаж ирсэн ажээ.

1959 онд тэрээр Ленинградын Улсын Их Сургуулийн филологийн факультетийн Фин хэлний тэнхимд элсэн орж, тэнд хоёр жил хагас суралцаад муу сураад их сургуулиас хөөгдсөн байна. Тэрээр 1962-1965 онуудад ЗХУ-ын Дотоодын цэрэгт шоронгийн харгалзагчаар 3 жил цэргийн алба хаажээ.

Тэрээр Ленинградын Улсын Их Сургуулийн сэтгүүлзүйн тэнхимд элсэн орж, Ленинградын Усан онгоцны үйлдвэрлэлийн хүрээлэнгийн "Усан онгоцны үйлдвэрийн ажилтнуудад" оюутны сонинд ажиллаж, богино өгүүллэг бичдэг байжээ. Төгссөнийхөө дараа Лениградын Оптик-механикийн нэгтгэлийн "Знамя прогресса" (Дэвшлийн туг) сонинд ажиллаж байжээ. Түүнийг Марамзин, Ефимов, Вахтин, Губин нарын үүсгэн байгуулсан "Городжане" (Хотын Иргэдцэр) бүлэгт элсэхийг урьсан. Тэрээр Вера Пановагийн утга зохиолын нарийн бичгийн даргаар мөн ажилласан.

1968 оны 1-р сарын 30-нд тэрээр "Ленинградын бүтээлч залуучуудын үдэшлэг"-т анх удаа олон нийтийн өмнө гарч үг хэлсэн.

1972 оны 9-р сараас 1975 оны 3-р сар хүртэл тэрээр Зөвлөлт Эстонид амьдарч байжээ. Таллин хотод оршин суух зөвшөөрөл авахын тулд тэрээр 2 сар орчим бойлерийн өрөөнд галчаар ажиллаж байхдаа "Зөвлөлт Эстони" сонинд чөлөөт сурвалжлагчаар ажиллаж байсан юм.

Тэрээр Псков хотын ойролцоох Пушкины дархан цаазат газарт аялал жуулчлалын хөтөчөөр ажиллаж байжээ. 1975 онд тэрээр Ленинград руу буцаж ирэв. Тэрээр "Костер" сэтгүүлд ажиллаж, зохиол бичдэг байв. Сэтгүүлүүд түүний бүтээлүүдийг үзэл суртлын шалтгаанаар буцаадаг байжээ. Зөвхөн "Өөрийн хүслээр" тууж нь "Нева" сонинд, аж үйлдвэрийн асуудлаарх "Ярилцлага" богино өгүүллэг нь "Юность" сонинд нийтлэгджээ. Тэрээр мөн "Нева", "Звезда" сонинд 10 гаруй тойм хэвлүүлж чаджээ. Тэрээр мөн самиздат, мөн цагаачдын "Континент", "Цаг хугацаа ба бид" сэтгүүлүүдэд нийтлэлээ нийтлүүлж байжээ.

1976 онд түүнийг ЗХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлийн холбооноос хөөсөн байна.

1978 оны 7-р сарын 18-нд Довлатовыг танхайрсан гэх хэргээр саатуулж (энэ үед архи хэтрүүлэн хэргэлдэг байсан) 15 хоног хоригдсон байна. 1978 оны 8-р сарын 24-нд засгийн газрын хавчлагын улмаас Сергей Довлатов эхийнхээ хамт Израилийн визээр ЗХУ-аас цагаачилан гарчээ. Тэд анх Вена хотод ирж, АНУ руу нэвтрэх виз авахаар 6 сар хүлээгээд эцэст нь Америкийн Элчин сайдын яамнаас виз авсны дараа Довлатов 1979 оны 2-р сарын 22-нд АНУ-д ирсэн юм. Тэндээ 7 хоног тутмын оросын цагаачдын "Шинэ америк хүн" (орос. Новый американец) сонинд ерөнхий редактор болжээ. Тус сонины редакцийн зөвлөлд Борис Меттер, Александр Генис, Петр Вайл, балет, театрын гэрэл зурагчин Нина Аловерт, яруу найрагч, эссе бичигч Григорий Рыскин болон бусад хүмүүс байжээ. Тус сонин цагаачдын дунд хурдан алдартай болж түүний зохиолын номууд ар араасаа хэвлэгдэж байв.

1980-аад оны дунд үе гэхэд Сергей Довлатов Partisan Review болон The New Yorker сонинд нийтлэл бичиж, уншигчдынхаа тоог нэмэгдүүлжээ. 12 жилийн цөллөгийн хугацаанд тэрээр АНУ болон Европт 12 ном хэвлүүлжээ.

ЗХУ-д "Өөрчлөн байгуулалт болон ил тод байдлын үе эхлэхээс өмнө зохиолч самиздат бүтээлүүд болон "Эрх чөлөө" радиогийн "Бродвэй 1775" нэвтрүүлгээрээ алдартай байв. 1989 оноос эхлэн Сергей Довлатовын бүтээлүүд Зөвлөлтийн хэвлэлд гарч эхэлсэн: Таллины "Радуга" сэтгүүлийн 5-р сарын дугаарт түүний "Ганцаардсаны марш" (1967) болон "Дуу хоолой" (1968) (цөллөгт байсан зохиолчийн дахин бичсэн) өгүүллэгүүд хэвлэгдсэн байна. Октябрь сэтгүүлийн 7-р сарын дугаарт "Чемодан" номын өгүүллэгүүд хэвлэгдсэн; "Звезда" сэтгүүлийн 10-р сарын дугаарт "Мөчир" тууж хэвлэгдсэн.

Сергей Довлатов 1990 оны 8-р сарын 24-нд Нью-Йорк хотод 49 насандаа зүрхний шигдээсээр нас барсан байна.