Jump to content

Сергей Иванов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Сергей Ивано́в (орос. Серге́й Бори́сович Ивано́в, 1953 оны 1-р сарын 31-нд ЗХУ-ын Ленинград хотод төрсөн) — Зөвлөлтийн болон оросын төрийн болон улс төр, цэргийн зүтгэлтэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн Байгаль орчныг хамгаалах, экологи, тээврийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч (2016 оны 8-р сарын 12-ноос 2026 оны 2-р сарын 16 хүртэл). ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн (1999–2008 болон 2012–2026). Оросын Нэгдсэн Орос намын гишүүн.

С.Иванов гадаад хэлний гүнзгийрүүлсэн дунд сургуулиа төгсөөд Ленинградын их сургуулийн филологийн факультетэд элсэн орсон. С.Иванов Владимир Путинтэй 1970-аад оны дунд үед Ленинград хотод танилцжээ. 1976 онд Сергей Ивановыг КГБ-д элсүүлж, залуу офицер Владимир Путины хамт нэг тусгай ангид томилжээ.

Түүний тагнуулын карьер нь үйл явдлаар дүүрэн байсан: тэрээр Финланд, Их Британи, Кени улсад оршин сууж ажиллаж байжээ. ЗХУ задран унасны дараа тэрээр Гадаад тагнуулын албанд үргэлжлүүлэн ажиллах болсон.

1998 онд В.Путин Оросын Холбооны Аюулгүй байдлын албаны дарга болсноор хуучин нөхрөө хамт ажиллахыг урьсан. С.Иванов Холбооны Аюулгүй байдлын албаны дэд захирал, дүн шинжилгээ, урьдчилсан мэдээ, стратегийн төлөвлөлтийн гол хэлтсийн дарга болжээ. Ердөө жилийн дараа буюу 1999 оны 11-р сард тэрээр Оросын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргаар томилогдож, улсын шинэ аюулгүй байдлын бодлогын гол архитекторуудын нэг болжээ.

2001 оны 3-р сарын 28-наас 2007 оны 2-р сарын 15 хүртэл ОХУ-ын Батлан ​​​​хамгаалахын сайдаар ажиллаж байжээ. 2005-2007 онд Засгийн газрын даргын орлогч, 2007-2008 онд Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга байв. 2011 оны 12-р сарын 22-ноос 2016 оны 8-р сарын 12 хүртэл тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Тамгын газрын даргаар ажиллаж байсан.

1976 онд тэрээр Иринатай гэрлээд Александр Сергеевич Иванов (1977–2014), Сергей Сергеевич Иванов гэх хоёр хүүтэй болсон. 2014 онд Александ хүү нь Арабын Нэгдсэн Эмиратад живж нас барсан.