Jump to content

Сергей Юльевич Витте

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
С.Ю.Витте

Сергей Юльевич Витте (1849 оны 6 дугаар сарын 17-нд, Тифлис хотод төрсөн- 1915 оны 2 дугаар сарын 28-нд Петроградад нас барсан) -Оросын төрийн зүтгэлтэн, шинэчлэгч, Зам, тээврийн сайд (1892), Сангийн сайд (1892—1903), Сайд нарын Хорооны дарга (1903—1905), Сайд нарын Зөвлөлийн дарга (1905—1906). 1905 онд "Граф" /Тайж/ цол хүртсэн.


Тэрээр Хаант Орос руу гадаадаас их хэмжээний хөрөнгө оруулахыг дэмжиж түүгээр нь төмөр зам барихыг ихэд дэмжиж санаачигатай ажиллаж байсан юм.

Виттегийн үйл ажиллагаа нь Оросын эзэнт гүрний аж үйлдвэрийн өсөлтийг огцом хурдасгахад хүргэсэн бөгөөд тул түүнийг "Оросын аж үйлдвэржилтийн өвөө" хэмээн нэрэлдэг байсан. 1905 оны Орос улсын Японтой хийсэн дайныг эсэргүүцэгч байсан бөгөөд Портсмутын энхийн Гэрээ байгуулахад Оросын талын талын төлөөлгчдийг тэргүүлж байсан. 1905 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Оросыг Үндсэн хуульт хаант засаглалд шилжүүлэх эхлэлийг тавьсан тунхагийн эхийг боловсруулагч юм. Төрийн Нууц зөвлөх (1899 оноос хойш) цолтой, Төрийн зөвлөлийн гишүүн (1903 оноос хойш). Олон боть дурсамжаа үлдээсэн хүн.

Тэрээр Балт орчмын Германчуудаас гаралтай. Гэр бүлийнхэн нь Голланд гаралтай гэдэг байсан боловч "18 -р зуунд Виттегийн өвөг дээдэс бүхэлдээ Герман болж, Балтийн орнуудын ердийн барилгачид байжээ". Түүний аав Юлий Федорович Витте (герман:-Julius Christoph Heinrich Georg Witte; 10/20/1814 - 05/31/1868) нь Курландын язгууртнуудаас гаралтай байсан гэдэг. 1834 онд Ойн дээд сургуулийг 1-р зэрэглэлтэй төгсөж, Дерптийн их сургуулийн (өнөөгийн Эстоний Тартугийн их сургууль) дэргэдэх Алкустовын агрономийн дээд сургуульд хөдөө аж ахуйн мэдлэг эзэмшихээр явсан. Гурван жилийн дараа их сургуулийн философийн факультетэд шалгалт өгсний дараа тэрээр философийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан бөгөөд "агрономийг цаашид сайжруулахын тулд" гурван жилийн турш (1837-1839) Саксон дахь Агрономийн хүрээлэнд илгээгджээ. Иргэж ирээд 1839 оны 11 дүгээр сард Оросын Төрийн өмчийн яамны 3-р хэлтэст алба хаахаар томилогдсон бөгөөд 1842 оны 5-р сарын 26-нд цол хэргэмийн зөвлөх цолтойгоор Саратов мужийн Новоузенскийн дүүрэгт Саратовоос 80 км зайд байрладаг Зүүн өмнөд боловсролын фермийн менежерээр томилогдов. Тэнд тэрээр - Саратов мужийн захирагч А.М.Фадеевын охин, хошууч генерал хунтайж П.В.Долгоруковын ач охин түүний ирээдүйн эхнэр Екатерина Андреевна Фадеева (1821-1897, Одесс) танилцсан байна.

С.Ю.Витте амьдралынхаа эхний 16 жилийг Тифлис хотод өнгөрөөсөн бөгөөд тэрээр хотын гимназийн сурагч байсан, дараа нь Кишинёвт, ах Борисын хамт гимназийн математикийн багш Белоусовын сургуульд элссэн байна. Хэдэн сарын дараа тэд хоёулаа төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, дунд сургуулийн гэрчилгээгээ авав. Энэ нь ах дүү нарт Одесса хотод шинээр нээгдсэн Новороссийскийн их сургуульд суралцах боломжийг олгосон байна.

1865 онд ах Борис Хууль зүйн факультетэд оюутан болж, 1866 оноос Сергей физик, математикийн факультетэд суралцжээ. Аав нь нас барсны дараа гэр бүлийн бусад гишүүд Одесс хот руу нүүжээ.

1870 онд С.Ю.Витте Новороссийскийн (Одесс) Их сургуулийн физик-математикийн факультет төгсч физик-математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан байна. Эрдмийн ажлаа үргэлжлүүлэхийн тулд Дээд математикийн тэнхимд үлдэх боломжтой байсан ч ээж, авга ах нь Виттег профессор болохыг эсэргүүцэж байсан байна.

Тэрээр удалгүй ажлаасаа гарч, илүү сонирхолтой, өндөр цалинтай төмөр замын ажилд өөрийгөө зориулжээ. Төмөр замын сайд А.П.Бобринский эцгийг нь таньдаг байсан тул түүнд төмөр замын ашиглалтын чиглэлээр мэргэшсэн мэргэжлээр ажиллах санал тавьж, 1870 оны 5 дугаар сарын 1 -нд 2400 рублийн цалинтай Одесса хотын төмөр замын захиргаанд дадлага хийж эхлэв. Энэ нь тухайн үеийн их сургуулийн профессорын цалингаас илүү (жилд ойролцоогоор 2000 рубль) байжээ. Витте өөрийн хүчин чармайлтаар албан тушаал дэвшсээр 1892 оны 2-8 дугаар сард - Зам тээврийн /Төмөр замын/ сайд болсон байна. Энэ хугацаанд тэрээр ердийн зүйл болсон тээвэрлэгдээгүй их хэмжээний хуримтлал бөөгнөрлөлийг арилгаж чаджээ. Төмөр замын тарифын шинэчлэл хийсэн.

1892 оны 8 дугаар сарын 30 -нд С.Витте Оросын Хаант улсын Сангийн сайдын албан тушаалд томилогдож 11 жил үр бүтээлтэй ажилласан байна.

1891 онд С.Витте, алдарт химич эрдэмтэн Д.И.Менделеев нарын идэвхтэй оролцоотойгоор боловсруулсан Оросын гаалийн шинэ тарифыг батлуулж байжээ. Энэхүү татварын тогтолцоо нь Оросын гадаад худалдааны бодлогод чухал үүрэг гүйцэтгэж, хөгжиж буй салбарын хамгаалалтын хаалт болж чадсан юм. Витте Сангийн яам удирдсан жилүүдэд Орос улс газрын тосны олборлолтоороо тэргүүлж байв.

Тэрээр 1895-1899 оны хооронд Оросын хамгийн урт төмөр зам бариулсан. Жилд гурван мянган километр шинэ зам ашиглалтанд оруулж байжээ. Витте "Транссибирийн төмөр зам"-ыг барих ажлыг мөн эхлүүлжээ. Энэ зам арван жилийн дотор тавигдсан бөгөөд одоо хүртэл ашиглагдаж байна. С.Виттегийн идэвхтэй оролцоотойгоор хөдөлмөрийн хууль тогтоомж, ялангуяа аж ахуйн нэгжийн ажлын цагийг хязгаарлан тогтоох тухай хуулийг боловсруулсан (1897). 1898 онд тэрээр худалдаа, үйлдвэрлэлийн татварын шинэчлэл хийсэн байна.

С.Витте 1897 оны "мөнгөний шинэчлэл" хийж их гавьяа байгуулсан юм. Үүний үр дүнд Орос улс 1914 он хүртэл алтаар баталгаажуулсан тогтвортой валюттай болж гадаадын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдсэн байна.

1905 оны зун түүнийг Оросын Эзэн хаан Япон улстай "Энхийн гэрээ" байгуулахаар АНУ-ын Портсмут руу илгээжээ.

С.Витте 1906 оны 4 дүгээр сарын 22 -нд өөрийн хүсэлтээр албанаасаа халагджээ.

1915 оны 2 дугаар сарын 28-нд Петроград хотод менингит /тархины ханиад/ өвчнөөр нас барсан юм.