Сонатын хэлбэр

Сонатын хэлбэр нь үндсэндээ XVIII зууны сүүлийн хагаст тодорхой хэлбэр болон тогтсон бөгөөд ялангуяа Л.Бетховены уран бүтээл дээр маш хүчтэй илэрхийллээ олсон юм. Дан хөгжмийн урлагийн хамгийн төвөгтэй хэлбэр болох энэхүү сонатын хэлбэр нь барокко зэрэг өмнөх үеийнхээ хамгийн дэвшилтэт, боломжит бүхнийг өөртөө шингээсэн болно. Барокко хөгжмийн урлагаас фугад байдаг хариу аялгууны доминантын шинж байдлыг авсан бол сонатын хэлбэр нь өмнөх үеийн эртний гэх хуучны сонатын болон эртний концертын хэлбэрийн ерөнхий шинж байдлыг өөртөө хадгалсан байдаг. Эртний концертын хэлбэр нь тухайн цаг үедээ хамгийн эрч хүчтэй хэлбэр байсан ба зарим тохиолдолд сонатын хэлбэрээс ч илүү давуу боломжуудыг нээн гаргадаг байжээ. Сонатын хэлбэрт тасралтгүй үргэлжлэх эрчтэй хөгжүүлэг чухал үүрэгтэй байдаг. Эртний сонатын хэлбэрээс эхний үзүүлэх хэсэгтээ гол үүрэг бүхий хоёр аялгуу, хоёр өөр дэвсгэр хөгт байх бол тэдгээр дэвсгэр хөгүүдийн эсрэгцэл болон сүүлд давтал хэсэгтээ тэдгээрийг ижил дэвсгэр хөгт шилжүүлснээр нэгдмэл чанар гэдгийг өвлөж үлдсэн байна.

Ерөнхийдөө бол сонатын хэлбэр нь барокко үеийн дуурийн урлагтай холбогдоно. Өөрөөр хэлбэл сонатын хэлбэр дэх агуулгын эрч хүч, зөрчилдөөн, ялгарамж гэдгийг дуурийн урлагаас өвлөсөн гэсэн үг юм. Гайдн болон Мангеймын дэгийнхний уран бүтээл дээр сонатын хэлбэрийн загвар тодоор би й болсон гэж болно. Тэдний уран бүтээлд сонатын хэлбэрийн гол ба туслах аялгууны ялгарамж гэхээсээ илүүтэй гл ба төгсгөлийн аялгууны ялагарамж чухал байдаг. Эртний концертын хэлбэрт гоцлол болон tutti бичлэгийн ялгаа онцгой үүрэгтэй байдаг.