Jump to content

Сониа Ганди

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сониа Ганди, 2014 он

Сониа Ганди (хинди. सोनिया गाँधी, 1946 оны 12-р сарын 9-нд Италийн Виченца мужид төрсөн) — Итали гаралтай Энэтхэгийн улс төрч, Энэтхэгийн Үндэсний Конгресс намын экс удирдагч бөгөөд Энэтхэгийн Ерөнхий сайд агсан Ражив Гандийн бэлэвсэн эхнэр юм.

Сониа Италийн Турин хотоос 20 км зайтай Орбассано хотод өсөж, католик шашны сургуульд сурсан байна. Түүний эцэг Стефано Майно 1983 онд нас барсан бөгөөд эх Паоло Майно болон хоёр эгч нь одоог хүртэл Орбассаногийн ойролцоо амьдардаг.

1964 онд Сониа Их Британи нүүж Кембрижид англи хэлний курст сурахын зэрэгцээ грек хоолын ресторанд зөөгч хийдэг байжээ. 1965 онд тэрээр хамт сурч байсан ирээдүйн нөхөр Ражив Гандитай анх танилцжээ. Хосууд 1968 онд Шинэ Дели хотод даруухан хуримын ёслол хийгээд Сониа хадам эх Индира Гандийн (1966-1977, 1980-1984 онд Энэтхэгийн Ерөнхий сайд) гэрт амьдрахаар нүүж очжээ.

Сониа 1970 онд хүү Рахул Ганди, 1972 онд охин Приянка Вадра нарыг төрүүлжээ. Индира Ганди отгон хүү Санжай Гандиг залгамжлагчаа гэж хардаг байсан боловч 1980 онд Санжай онгоцны ослоор нас барсны дараа Ражив Ганди улс төрд идэвхтэй оролцож эхэлсэн байна. Үүнээс өмнө Ражив Ганди улс төрөөс хол байсан бөгөөд Энэтхэгийн агаарын тээврийн компанийн нисгэгчээр ажиллаж байжээ. 1984 онд Ражив Ганди эх Индира Гандиг алуулсны дараа Засгийн газрыг толгойлсон байна. Нөхрөө 1984-1989 онд Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа Сониа Ганди "Тэргүүн хатагтай"-ын хувиар олон нийтийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болжээ. 1991 оны 5-р сарын 21-нд нөхрийг нь Тамил алан хядагч хадлага үйлдэж алсны дараа Конгресс намын зарим гишүүд (Энэтхэгийн үндэсний конгресс хуваагдсаны дараа нэр нь) түүнийг Гандигийн гэр бүлд харьяалагддаг учраас улс төрд орохыг хүссэн. Гэвч Сониа Ганди татгалзаж, дараагийн зургаан жил улс төрөөс хол байсан. Түүнийг татгалзсаны дараа Нарасима Рао намын дарга болсон байна.

Тэрээр 1999 онд 13 дахь Лок Сабха дахь сөрөг хүчний удирдагчаар сонгогдсон байна. Энэтхэгийн Үндэсний конгресс нам сонгуулиар ихээхэн шуугиан тарьсан ялалт байгуулсны дараа тэрээр ерөнхий сайдын суудалд суух болсон ч "харийн хүн" засгийн эрхэнд гарахын эсрэг улс төрийн өрсөлдөгчдийн эхлүүлсэн өргөн цар хүрээтэй кампанит ажлын улмаас тэрээр "үндэсний эв нэгдлийг хадгалах" зорилгоор Манмохан Сингийг дэмжиж эцэст нь Ерөнхий сайд болсон байна.

2017 онд Сониа Ганди Энэтхэгийн Үндэсний Конгресс намын удирдлагыг хүү Рахул Гандид шилжүүлэн өгсөн.

2019 оны 8-р сарын 10-нд хүү Рахул Ганди огцорсны дараа Конгресс нам Сониа Гандиг намын байнгын ерөнхийлөгч сонгогдох хүртэл түр ерөнхийлөгчөөр сонгоод 2022 он хүртэл ажилласан байна.

2024 оны 2-р сард Сониа Ганди эрүүл мэнд болон өндөр насны асуудлаас шалтгаалж 2024 оны Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд оролцохоос татгалзсан байна. Ганди парламентын гишүүн Манмохан Сингхийн оронд Ражастанаас 2024 оны Ражя Сабхагийн сонгуульд нэрээ дэвшүүлэв. Түүнийг нэр дэвших үеэр хүү Рахул Ганди, Ашок Гехлот болон намын бусад ахмад гишүүд дагалдаж байсан. Сониа Ганди 2024 оны 2-р сарын 20-нд Ражастан мужаас Ражя Сабхад өрсөлдөгчгүйгээр сонгогдож, 4-р сард тангараг өргөсөн байна.