Сономдоржийн Дамбадаржаа

Сономдоржийн Дамбадаржаа (1921 – 2016) — Монгол Улсын дипломат. Гадаад яамны орлогч сайд, Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1921 оны 6-р сарын 14-нд Төв аймгийн Баянцогт сумын нутагт малчин ард Сономдоржийн 10 дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр монгол бичгийг гэрээр сурч дараа нь хошууны бага сургууль, Улаанбаатар хотын үлгэр жишээ ардын дунд сургуульд тус тус суралцан бага ангийн боловсрол эзэмшсэн байна.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

1937-1941 он хүртэл Аж үйлдвэрийн комбинатад арьс шир элдэж, нэхий дээлийн үйлдвэрт ажилчин, санхүүд данс хөтлөгч, нягтлан бодогч хийж байжээ.

С.Дамбадаржаа нь 1941-1955 онд Дотоод Явдлын Яаманд дэд хурандаа цол хүртэл ажиллаж байгаад, 1955-1958 онд ЗХУ-д Коммунист Намын дээд сургууль дүүргэн, 1958-1963 онд МАХН-ын Төв Хороонд тасаг, хэлтсийн эрхлэгч, Засгийн газарт референтийн бүлгийн ахлагч, МАХН-ын Төв хорооны 1-р нарийн бичгийн дарга, Сайд нарын Зөвлөлийн даргын туслахаар ажилсан.

1963-1966 онд ЗХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын Академид суралцан 45 настай төгссөн.

Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]

1966-1967 онд БНМАУ-ын Гадаад Явдлын яамны гэрээ, эрхийн хэлтсийн дарга, 1967-1969 онд Москва хотод суугаа БНМАУ-ын ЭСЯ-ны зөвлөхөөр ажилласан.

Түүнийг 1969-1973 онд Их Британид Элчин сайдаар томилогдон ажиллах хугацаанд анх ЭСЯ-аа нээж Монгол, Британийн харилцаа идэвхжиж хоёр улс анх удаа парламентын ба гадаад яамны төлөөлөгч солилцож байсан.

1974-1978 онд Япон улсад Элчин сайдаар томилогдон ажилласан. Энэ хугацаанд тэрбээр Токио хотноо өөрийн улсын Элчин сайдын яамыг мөн анх байгуулж, Японоос дайны төлбөрийг эдийн засгийн хамтын ажиллагааны хэлбэрээр авах яриа хэлэлцээ явуулах, “Говь” комбинатыг байгуулах ажилд ЭСЯ-аа удирдан төвийн чиглэл шийдвэрийн дагуу оролцож байв. Түүнийг 1978 он хүртэл Япон Улсад Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны Парламент, Засгийн газар, бизнесийн байгууллага, найрамдлын нийгэмлэгүүдийн ажиллагааны аятай эхлэлүүд тавигдсан.

С.Дамбадаржаа 1978-1982 онд Гадаад явдлын яамны орлогч сайд, 1982-1987 онд Египет улсад суух элчин сайдаар ажиллаад 67 насандаа гавьяаныхаа амралтанд гарсан.

Тэрээр өндөр насны тэтгэвэрт гараад Санхүү Эдийн засгийн дээд сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, Захирлын Гадаад харилцаа эрхэлсэн зөвлөх, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн тэргүүлэгч, зохицуулах зөвлөлийн гишүүн, Монгол Японы харилцааг дэмжих Түншийн холбоо нийгэмлэгийг санаачлан байгуулагч, Гүйцэтгэх захирал, Дэд ерөнхийлөгч зэрэг албуудыг хашиж байлаа.

Их дээд сургууль, шинжлэх ухааны байгууллагуудад олон арван лекц уншиж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл сурталчилгаа, танин мэдэхүйн чанартай олон арван нийтлэл, ном товхимол гаргасан байна.

Шагнал[засварлах | кодоор засварлах]

С.Дамбадаржаагийн хөдөлмөр гавьяа зүтгэлийг үнэлж Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн Гавьяаны одонгоор хоёр удаа, Сүхбаатарын одон, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол, Гадаад яамны сайдын тушаалаар “Хүндэт дипломатч”, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор” цолоор тус тус шагнаж байжээ.

Монгол Японы найрамдалт харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж 1997 онд Японы эзэн хааны “Мандах нар” одонгийн “Алт Мөнгөн Од” одон тэмдгээр шагнуулж байсан.

2016 оны 2 дугаар сарын 28-нд нас баржээ.