Соронзонгомбо хаан
| Соронзонгомбо སྲོང་བཙན་སྒམ་པོ | |||||
|---|---|---|---|---|---|
| зонбо | |||||
| Төвөдийн хаан | |||||
| Хаанчлал | 618 – 650 | ||||
| Өмнөх | Намри Сонцен | ||||
| Залгамжлагч | Мансон Манцен | ||||
| Төр баригч | Гунсон Гунцен (645–650) | ||||
| Төрсөн | Соронзон 569 Төвөд | ||||
| Өнгөрсөн | 650 Төвөд | ||||
| хатан | Бхрикути (Белмоза Трицүн) Вэньчэн гүнж (Гямоза Мунчан) Минякза Гялмоцүн Литикмэн Монза Тричам | ||||
| Хүүхэд | Гунсон Гунцен | ||||
| |||||
| Эцэг | Намри Сонцен | ||||
| Эх | Дриза Токар | ||||
Соронзонгомбо эсвэл Сонгцен Гампо (Стандарт Төвөд: སྲོང་བཙན་སྒམ་པོ་, 569-650) нь 618-650 оны хооронд хаанчилж байсан Төвөдийн хаан байв. Тэрээр Төвөдийн эзэнт гүрнийг үндэслэгч байв.
Соронзонгомбо нь Намри Сонцены хүү байв. 618 онд Намри Сонцен алагдаж, залуу Соронзонгомбо хаан ширээнд суув. Тэрээр өгөөмөр, зоригтой, авхаалж самбаатай байсан бөгөөд хаанчлалынхаа үеэр Төвөдийн өндөрлөг газрыг бүхэлд нь эзлэн авч, Төвөдийн эзэнт гүрнийг хүчирхэг улс болгосон. Балба улс Төвдөд захирагджээ. Балбын хаан охин Бхрикутиг Соронзонгомботой гэрлүүлжээ. Бхрикути бол сүсэг бишрэлтэй Буддын шашинтан байсан бөгөөд тэрээр Буддын олон хөшөө, судар авчирсан нь Буддын шашин Төвөдөд нэвтрэх эхлэлийг тавьсан юм. Лхас дахь Рамоче сүм болон Будала ордонг Соронзонгомбын захиалгаар барьсан гэсэн домогт өгүүлдэг.
634 онд Төвөд Тан улсад довтлов. Энэ дайн хэдэн жил үргэлжилж, Төвөдийн эзэнт гүрэн Тугухунь, Дансянь, Байланы нутаг зэрэг газруудыг эзэлжээ. Соронзонгомбо энхийн гэрээ байгуулах найдвараар Тан улсын нийслэл Чанъань руу элч илгээжээ. Тан улсын эзэн хаан Тан Тайзун мөн дайныг үргэлжлүүлэхийг хүсээгүй тул хүсэлтийг зөвшөөрч, Вэньчэн гүнжийг Соронзонгомботой гэрлүүлжээ. Вэньчэн гүнж Хятадын одон орон, хуанлийн систем болон бусад шинжлэх ухааны мэдлэгийг Төвөдөд авчирсан. Цаашилбал, Соронзонгомбо Түми Самбхотаг Энэтхэг рүү суралцуулахаар илгээжээ. Төвөдөд буцаж ирснийхээ дараа Түми Самбхота санскрит хэлнээс загварчилсан төвөд бичгийг бүтээжээ.
Соронзонгомбо, Трисон Дэцэн, Три Ралпачен нарыг төвөдүүд Бурханы шашныг дэлгэрүүлсэн "Гурван Дхарма хаан" гэж нэрлэдэг. Түүнийг Бхрикути, Вэньчэн гүнж нарын хамт төвөдүүд Жанрайсаг бурхан, Цагаан дарь эх, Ногоон дарь эхийн хувилгаан гэж үздэг.