Софья Ковалевская

Софья Ковалевская (орос. Со́фья Васи́льевна Ковале́вская, төрөхдөө Корвин-Круковская; 1850 оны 1-р сарын 15-нд Москва хотод төрсөн — 1891 оны 2-р сарын 10-нд Стокхольм хотод нас барсан) - Оросын математикч, механик, орчуулагч. Дэлхийн анхны эмэгтэй математикийн профессор. "Нигилист" (1884) тууж болон "Хүүхэд насны дурсамж" (1889) номын зохиолч. Нөхөр Владимир Ковалевский нь үлэг гүрвэл судлаач байсан.
Намтар
[засварлах | кодоор засварлах]София Васильевна 1850 оны 1-р сарын 15-нд Хаант Оросын Москва хотод төрсөн.
Тэрээр польш гаралтай артиллерын дэслэгч генерал Василий Корвин-Круковский болон Елизавета Феодоровна (төрсөн овог: Шуберт) нарын охин болж төрсөн. С.Ковалевскаягийн өвөө, явган цэргийн генерал Фёдор Шуберт нь математикч, харин элэнц өвөг эцэг Ф.И. Шуберт нь одон орон судлаач байжээ.
Тэр үеийн Орос улсад эмэгтэйчүүдийг их сургуулиудад сурахыг хориглодог байсан бөгөөд эмэгтэйчүүдэд зориулсан анхны дээд курсүүд зөвхөн 1869 онд байгуулагдсан юм. Тиймээс Ковалевская зөвхөн гадаадад суралцах боломжтой байсан ч паспортыг зөвхөн эцэг эх эсвэл нөхрийнх нь зөвшөөрлөөр л олгодог байв. Түүний эцэг охиноо боловсролоо үргэлжлүүлэхийг хүсээгүй тул зөвшөөрөл өгөхөөс татгалзжээ. Тиймээс Ковалевская залуу эрдэмтэн Владимир Ковалевскийтай хуурамч гэрлэлтийг зохион байгуулжээ. Ковалевский эцэст уг эхнэртээ дурлах болно гэж огт мэдээгүй байсан гэдэг.
1868 онд шинээр гэрлэсэн хосууд гадаадад аялжээ. 1869 онд Ковалевская Гейдельбергийн их сургуульд Лео Кенигсбергерийн удирдлага дор суралцаж, 1870-1874 онуудад Карл Вайерштрасстай хувийн сургалтад хамрагджээ. Их сургуулийн дүрэм журмын дагуу эмэгтэйчүүдийг лекцэнд суухыг хориглодог байв. Гэвч Ковалевскаягийн математикийн авьяас чадварыг хөгжүүлэх сонирхолтой Вайерштрасс түүний хичээлийг удирдан явуулдаг байжээ.
Тэрээр хувьсгалт тэмцэл болон анархист үзэл санааг дэмжиж байсан тул 1871 оны 4-р сард нөхөр В.О.Ковалевскийтайгаа хамт бүслэгдсэн Парист ирж, шархадсан коммунаруудыг асран хамгаалж байсан юм. Хожим нь тэрээр Парисын коммуны тэргүүлэгч зүтгэлтэн, хувьсгалч эгч Аннагийнхаа нөхөр Виктор Жакларыг шоронгоос аврах ажилд оролцжээ.
Ковалевскаягийн найзууд нь түүний зохиомол нөхөртэй дотно харилцааг сайшаадаггүй байжээ. Тэд тусдаа орон сууц, өөр өөр хотод амьдрахаас өөр аргагүй болжээ. Энэ байдал нь хоёуланд нь хүнд болж 1874 онд тэд хамт амьдарч эхэлсэн бөгөөд дөрвөн жилийн дараа тэд София Владимировна Ковалевская гэдэг охинтой болжээ.
1874 онд Гёттингений их сургуульд Софья Ковалевская "Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэлийн онолын тухай" (герман. Zur Theorie der partiellen Differentialgleichungen) сэдвээр диссертац хамгаалж философийн докторын зэрэг хүртжээ.
Нөхөр нь амиа хорлосны дараа (1883) Ковалевская 5 настай охинтойгоо мөнгөгүй үлдсэн бөгөөд Берлинд ирж, Вайерштрассынд буужээ. Вайерштрасс, Гёста Миттаг-Леффлер нар бүх эрх мэдэл, холбоогоо ашиглан маш их хүчин чармайлт гарган Стокхольмын Их Сургуульд (1884) ажилд оруулжээ. Соня Ковалевски (Sonya Kovalevsky) нэрээр тэрээр Стокгольмын Их Сургуульд математикийн тэнхимийн профессор болж, эхний жилдээ герман хэлээр, хоёр дахь жилдээ швед хэлээр лекц унших үүрэг хүлээсэн байдаг.
Удалгүй Ковалевская швед хэлийг дажгүй эзэмшиж, математикийн болон уран зохиолын бүтээлүүдээ энэ хэлээр хэвлүүлж эхэлжээ.

1888 онд Ковалевская "Хатуу биетийг тогтмол цэгийн эргэн тойронд эргүүлэх бодлогын шийдэгдэх боломжтой байдлын гурав дахь сонгодог тохиолдлыг" нээснийхээ төлөө Парисын Шинжлэх Ухааны Академийн Бордины шагнал хүртжээ. Үүнтэй ижил сэдвээр бичсэн түүний хоёр дахь бүтээл 1889 онд Шведийн Шинжлэх Ухааны Академийн шагнал хүртсэн юм.
1891 онд Берлинээс Стокхольм руу аялах замдаа Ковалевская ханиад хүрч, уушгины хатгалгаа болж хувирав.
София Ковалевская 1891 оны 2-р сарын 10-нд 41 насандаа Стокхольм хотод "плеврит болон зүрхний дутагдлын улмаас" нас баржээ. Түүнийг Стокхольмын умард оршуулгын газарт оршуулжээ.
Математикийн бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- «Zur Theorie der partiellen Differentialgleichungen» (1874);
- «Zusätze und Bemerkungen zu Laplace’s Untersuchung über die Gestalt der Saturnsringe» (1885, «Astronomische Nachrichten», volume 111, p. 37—46);
- «Über die Reduction einer bestimmten Klasse Abel’scher Integrale 3ten Ranges auf elliptische Integrale» («Acta mathematica». Volume 4 , 1884. — S. 393—414)
- «Üeber die Brechung des Lichtes in cristallinischen Medien» («Acta mathematica» 6,3);
- «Sur le problème de la rotation d’un corps solide autour d’un point fixe» (1889, «Acta mathematica», 12,2);
- «Sur une propriété du système d’equations differentielles qui definit la rotation d’un corps solide autour d’un point fixe» (1890, «Acta mathematica», 14,1);