Jump to content

Социалист феминизм

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Социалист феминизм (Англи: Socialist feminism) нь 1960, 1970-аад онд феминист хөдөлгөөн болон шинэ зүүний (New Left) урсгалын салбар хэлбэрээр үүссэн бөгөөд энэ нь эцгийн эрхт ёс (патриархат) болон капитализмын харилцан хамаарлыг анхаардаг. Гэвч эмэгтэйчүүдийн хувийн, гэр ахуйн болон олон нийтийн үүрэг оролцоо нийгэмд хэрхэн ойлгогдож, төлөвлөгдөж ирсэн талаарх ойлголт нь Мэри Уолстонкрафтын 1792 оны “Эмэгтэй хүний эрхийн хамгаалал” болон Уильям Томпсоны 1800-аад оны утопи социалист бүтээлээс эхлэлтэй. Эмэгтэйчүүд бүлэглэн цуглаж, хувийн асуудлын талаар ярилцах замаар патриархатыг даван туулах санаа нь Кэрол Ханишийн бүтээлээс үүсэлтэй. Тэрээр 1969 онд энэ тухай эсээ бичиж, “хувийн зүйл бол улс төрийн асуудал юм” гэсэн нэр томьёог гаргаж ирсэн. Энэ нь хоёр дахь давлагааны феминизм хүчээ авч эхэлсэн үе бөгөөд энэ үед социалист феминизм эрчээ авч эхэлсэн. Социалист феминистүүд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг эдийн засаг, соёлын дарангуйллын эх сурвалжуудыг устгаснаар л жинхэнэ утгаар нь олж авч чадна гэж үздэг.

Социалист феминизм нь Марксист феминизмийн капитализмын эсрэг байр суурь болон радикал феминизмийн хүйс ба патриархатын талаарх онолыг нэгтгэсэн хоёр чиглэлт онол юм. Радикал феминизм нь эмэгтэйчүүдийн дарлалын гол шалтгаан нь патриархат гэж үздэг бол социалист феминистүүд эмэгтэйчүүдийн дарлалын гол эх үүсвэр нь зөвхөн энэ биш харин эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат байдлаас шалтгаалдаг гэж үздэг. Эмэгтэйчүүд баялгийн тэгш бус хуваарилалтаас шалтгаалан эрэгтэйчүүдийн эрхшээлд ордог. Тэд эдийн засгийн хараат байдлыг эмэгтэйчүүдийг эрхшээлд оруулдаг гол хүчин зүйл гэж хардаг. Цаашлаад, социалист феминистүүд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг нийгмийн, эдийн засгийн болон улс төрийн шударга ёсны эрэл хайгуулын зайлшгүй хэсэг гэж үздэг. Тэд эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийг арьс өнгө, анги давхарга, бэлгийн чиг баримтлал, эдийн засгийн байдалд суурилсан бусад дарангуйллын тогтолцооны эсрэг тэмцэлтэй уялдуулж нэгтгэхийг зорьдог.